УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эрх баригчид Таван толгойгоос дээрэмдэж авсан мөнгөө буцааж өг

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрийн нууцийн тухай хуулийг Засгийн газраас дахин өргөн барилаа. Энэ хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Захиргааны  үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүнд суртлыг арилгах  зорилгоор төрийн нууцийн жагсаалтад өөрчлөлт оруулж байгаа. Зарчмын хувьд тодорхой мэдээллүүд, зургийг ил болгох юм. Тухайлбал үндэсний аюулгүй байдалд үл харшлах, нийтийн эрх ашгийг зөрчихгүй, хувь хүн болоод байгууллага, улс орны нууцад хамаарахгүй зарим нэг мэдээллүүдийг төрийн нууцаас гаргах  талаар ярьж байна. Шинэчлэлийн Засгийн газраас удахгүй иргэний өргөдөл, гомдол,  хүсэлтэд түргэн шуурхай хариу өгдөг үйлчилгээг бий болгоно. Төрийн албыг нийтийн алба болгоно. Иймд зарим мэдээллүүдийг төрийн нууцаас гаргах зайлшгүй шаардлагатай юм. 

-Танд зарчмын зөрүүтэй саналууд энэ хуулийн төсөл дээр байгаа юу?

-Зарчмын зөрүүтэй санал байхгүй. Хэлэлцүүлгийн явцад санал гаргах нь нээлттэй. Одоогоор зөрчил байгаа гэж би харахгүй байна.

-Төрийн нууцаас яг ямар ямар зүйлүүдийг гаргах юм бол?

-Тодорхой газрын зургууд байгаа. Хот байгуулалттай холбоотойгоор зарим нууцад хамаардаг зургуудыг ил болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн иргэний зориулалтаар хэрэглэж болох зургуудыг ил болгоно.

- Оюутолгойн гэрээний асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

- УИХ-ын 23 гишүүн Монголын уул уурхайн хөгжлийг шинээр эргэн харах ёстой гэсэн байр суурьтай байгаа.  Өнгөрсөн баасан гарагт Шинэчлэлийн Засгийн газар бидний байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.  Арав гаруй жил гадныхны эрх ашгийг хамгаалж байсан нөхдүүд гэнэт ухаан орсонд талархаж байна. Мөн үүнийг шоу биш байгаасай гэж залбирч байна. Ер нь уул уурхайн асуудал дээр монголчууд нэг талдаа гарч үндэсний болоод Монголын эрх ашгийн төлөө зогсох цаг болсон.

- Уул уурхайн чиглэлд та анхаарал хандуулан ажилладаг. Оюутолгойн гэрээнд ямар өөрчлөл оруулах хэрэгтэй гэж та бодож байна вэ?

- Хэдхэн сарын өмнө Оюултолгойн гэрээг байгуулсан нэг сайд дэлхийд байхгүй, ямарч эрсдэлгүй гоё гэрээ байгуулсан тухай ярьсан. Энэ сайхан зүйлийг ойлгохгүй байгаа Ж.Батзандан, С.Ганбаатар, иргэний нийгмийнхэн тэнэг балай хүмүүс гэж ярьж байсныг та бүгд сайн санаж байгаа байх. Өнөөдөр үнэнд гүйцэгдлээ.  Монголын уул уурхайн асуудал ямар ноцтой байдалд хүрснийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаан дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нөгөө гадныхны эрх ашгийг хамгаалж байсан нөхдүүд ярьж эхэллээ. Энэ бол сайн цагийн эхлэл гэж харж байгаа. Яаж өөрчлөх талаар УИХ дээр тодорхой ярьсан. Жишээлбэл хөрөнгө оруулалтын зардал үндэслэлгүйгээр өсч байна.

- Энэ бодолтой тань таны эгч бас адилхан  байгаа юу? Эгчийг тань Оюутолгойд нөлөө бүхий албан тушаал хашдаг гэж дуулсан.

- Би ах дүү арвуулаа. Миний нэг эгч хуульч  хүн.  Тэр мэргэжилийнхээ чиглэлээр Оюутолгойд олон жил ажиллаж байгаа. Тэр хүний амьдралд би оролцдоггүй, миний амьдралд ч тэр хүн оролцдоггүй.   Би Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн байр суурийг ямагт илэрхийлж ирсэн.  Миний байр суурь тэр хүнд ч гэсэн  дарамт болж байгааг үгүйсгэхгүй.   Өөрөөс нь асуу.

- Яг ямар дарамт учирдаг гэж?

- Миний эгч бол өндөр боловсролтой. 10 гаруй жилийн өмнө л менежерээр орсон одоо болтол түүнийгээ л хийж байгаа. Мундаг сайн хуульч хүн. Янз бүрийн хурал уулзалтадаа эгчийг маань нэг ч удаа оруулдаггүй юм гэнэ лээ.

- Чалкотой байгуулсан гэрээг цуцлах ёстой юу?

- Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт байгуулсан тогтвортой байдал, хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн хуваах гэх мэт гэрээнүүдийг эргэж харах ёстой. Тухайн үед би Чалкотой байгуулах гэрээг эсэргүүцэж Таван толгойгоор таван сайд тоглох гэж байна гэдгийг  сануулж байсан. Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд тухайн үеийн эрх баригчид Чалкотой яаруу сандруу гэрээ байгуулсан. Энэ бол санаатай үйлдэл. Эрх баригчид Таван толгойгоос дээрэмдэж авсан мөнгөө буцааж өг. Тэд үйлдвэрээ бариад IPO-оо хий. Таван толгой босоод ирнэ. Ер нь  улс төрийн зорилгоор  төрийн өмчит компаниудаа нэг гараараа дэмжиж нөгөө гараараа татан унагадагаа одоо болих хэрэгтэй.   

- Хятадын их хурлын байнгын хорооны дарга айлчлаад буцлаа. Түүнийг Чалкотой хийсэн гэрээг үргэлжлүүлэх санал тавихаар ирсэн гэх таамаг байна.

- Энэ талаар надад бодит мэдээлэл алга. Ер нь уул уурхайн бүх гэрээнүүдийг иргэд олон түмэнд нээлттэй болгох ёстой.

- Таны байгуулсан УИХ дах албан бус бүлгийн талаар сонирхож болох уу?

- Бид цацраг идэвхид бодис болон ураны хайгуул ашиглалтанд хяналт тавих УИХ-ын бүлэг байгуулсан.  Бид цөмийн энергийн тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Ахлагч нь миний бие.  Цацраг идэвхит бодис олборлох, ашиглах асуудлыг төр бүрэн хяналтандаа авах ёстой. Одоо энэ салбарт үүсээд байгаа эмх замбраагүй байдлыг цэгцлэе. Ер нь цацраг идэвхит бодис олборлорх, ашиглахын тулд асар их хэмжээний ус хэрэглэдэг.  Ус уранаас илүү үнэтэй болох цаг удахгүй ирнэ. Монголын говь хээрийн бүсэд ураны хайгуулын 80 гаруй лиценз олгогдсон байгаа.  Өнөөдөр уран олборлож байгаа технологи байгаль орчинд маш их халтай. Бидэнд уран олборлож байгаль орчиноо сүйтгэхгүйгээр амьдрах бүрэн боломж байгаа гэдгийг ухаарах цаг болсон.

- Зарим хүмүүс манайд  уран олборлоод эхэлсэн гэх юм. Энэ үнэн юм уу?

- Тийм зүйл байхгүй гэж найдая. Энэ талаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс лавлаарай.

- Цаг гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top