Дэлхийн томоохон улс орнуудын эдийн засаг геополитикийн бодлого тодорхойлоход багагүй нөлөөтэй Социнтерний удирдах зөвлөлийн хуралдаан 2 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Португалын нийслэл Лиссабон хотноо болж байгаа нь хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байна. “Дэлхийн Эдийн засаг: Өсөлт, Ажлын байр, Тогтвортой хөгжлийн талаарх зүүнтний өнөөгийн үзэл баримтлал” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа энэхүү хуралдаанд УИХ-ын гишүүн Сү.Батболд СоцИнтерний Дэд ерөнхийлөгчийн хувиар болон МАН-ыг төлөөлөн оролцож, үг хэлсэн байна. 2012 оны 9 сард СоцИнтерний Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш УИХ-ын гишүүн С.Батболд тус байгууллагын удирдах дээд байгууллагын хуралдаанд ийнхүү 2 дахь удаагаа оролцож байна. “Хөгжиж буй орнуудын зүгээс Хямралаас гарах талаар баримталж буй "Стратеги” хэмээх нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ тэрээр Монголын Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын цөм нь иргэн хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн нийгмийн чиг баримжаатай зүүн төвийн үзэл хамгийн үр өгөөжтэй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал гүнзгийрч буй энэ цаг үед даяаршлын үйл явц урьдчилан таамаглахад түвэгтэй олон асуудлыг шинээр сөхөн тавьж байгаа талаар С.Батболд дурдаад, чөлөөт эдийн засгийн бодлого нь хөгжлийн баталгаа бус харин ч эргээд хөгжилд саад болж, нээлттэй зах зээл нь бүх нийтийн эрх ашгийг бүрэн хангах нөхцөл болж чадахгүй байгаа талаар хэлсэн үг нь хуралдаанд оролцогчдын анхаарлыг ихээхэн татжээ. Иймд нийгмийн шударга ёс, бизнесийн таатай орчин, үр ашигтай Засаглал, олон улсын хамтын ажиллагаа гэх зэрэг зүүн төвийн тулгуур зарчмуудыг олон түмэнд цаашид гүнзгийрүүлэн сурталчлахыг үзэл нэгт улс төрийн хүчнүүдэд тэрээр уриалав.
Сэтгэгдэл ( 0 )