Эрүүл мэндийн салбар дахь хувийн хэвшлийнхний саналыг сонслоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

Эднийх нийслэлд эм худалдаалдаг 530 гаруй, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг 60 гаруй эмийн сангийн нэг. Даатгалаар үйлчилдэг эмийн санд даатгалын сангаас сар бүр 2 сая төгрөг олгодог байна. Энэ тогтолцоо нь хүмүүсийг эмийн бизнес хийх сэдлийг өдөөж байгааг зарим хүн шүүмжиллээ. Манай улсад импортоор эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирдэг зөвшөөрөл бүхий 160 гаруй аж ахуйн нэгж байна. Эдгээр нь 30 орны 70 гаруй үйлдвэрээс эм авчирч байгаа нь эм тариа гэдгийг хүмүүс бизнес, мөнгө гэж хардаг болсныг баталж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд энэ бол хэн дуртай нь үүргэвч үүрээд явдаг бизнес биш. Асууж, сураглаж ирсэн эмийг нь ямар ч жоргүйгээр олгодог ийм тогтолцоо байж болохгүй. Эмийн худалдаа ингэтлээ замбараагаа алдсан нь энэ буруу тогтолцоотой холбоотой гэж хэллээ. Мөн орцны хонгил, гудамжны булан бүрт эмийн сан байх нь хэр зохистой юм, гудамжинд зогсож байгаад эм ууж болж байна уу. Өрхийн эмнэлэг болоод бусад эмнэлгээ дагасан эмийн сан байх нь зохистой юм биш үү гэдгийг ярилцах цаг болсон. Эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд эмийн бодлого, тендерийн асуудлаар нухацтай ярилцаж, зөв шийдлийг олох учиртай гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

2005 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн IVCO тарилгын шингэний үйлдвэр 28 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүгээрээ дотоодын хэрэгцээний 50-60 орчим хувийг хангадаг байна. Олон улсын стандартад нийцсэн хэмээн хүлээн зөвшөөрөгддөг энэ үйлдвэрийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд товч танилцлаа. Олон улсын GMP буюу эмийн үйлдвэрт тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэдгээ үйлдвэрийн удирдлага Ерөнхий сайдад танилцуулаад ийм эрх бүхий GMP гэрчилгээтэй болчихвол гадаад зах зээлд гарах боломжтой болох бөгөөд гэрчилгээ авах хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд явуулсан гэдгээ хэллээ. Ийм хугацаанд үйл ажиллагаа явуулж, жилд 5 сая тарилгын шингэн үйлдвэрлэж, тэдгээр нь эмнэлэгт нийлүүлэгдэж, иргэдийн судсанд хэдийнэ орчихсон байхад өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас чанарын гэрчилгээ олгохыг хүсэж байгаад гайхаж буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Бүтээгдэхүүн нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх баталгаа болох тэр гэрчилгээг Эрүүл мэндийн яам олгох нь зөв, олон улсын мэргэжилтнүүд шалгалтаа хийж, эрхээ өгөх нь тэдний хэрэг гэж үзэж байгаагаа Засгийн газрын тэргүүн хэлж байлаа. Энэ үйлдвэр нь төрийн эмнэлгүүдийн тарилгын шингэнийг 100 хувь хангадаг бөгөөд экспортлоод эхэлбэл эдний бүтээгдэхүүнд итгэх иргэдийн итгэл улам нэмэгдэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдэх юм гэж үйлдвэрийн удирдлагууд ярилаа. Ерөнхий сайд дараа нь “Гурван гал” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эзэн, эмч ажилтнуудтай уулзлаа. Төр засаг хувийн эмнэлгүүдийг ад шоо үздэг, тусалж дэмждэггүй. Тухайлбал, орон сууцны барилгын нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийг хаана гэсэн тушаалыг өмнөх Засгийн газрын сайд гаргасан. Энэ нь хувийн хэвшлийг хааж боож байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа тэд хэллээ.

Мөн нийтийг хамарсан нэг удаагийн зохион байгуулалттай арга хэмжээ явуулах нь буруу, Шинэчлэлийн Засгийн газрыг хөрөнгө хий зарлагадах ийм ажил хийхгүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Иргэд хувийн эмнэлгээр эрүүл мэндийн даатгалаараа үзүүлэх боломжийг олгож өгөөч гэж санал хэлсэн хүн болгон хэлж байлаа.

Даатгалын энэ асуудалд төрийнх, хувийнх гэж ялгаварлахгүй байхыг тэд хүслээ. Санал бодлоо илэн далангүй хэлсэн эмч ажилтнуудад талархаж байгаагаа Ерөнхий сайд хэлээд энэ салбарт хэрхэн өөрчлөлт, шинэчлэлт хийх талаарх ерөнхий зураглал энэ өдрүүдэд гарна. Аль түвшинд шийдвэр гарч, ямар ажлууд хийгдэх төлөвлөгөө удахгүй тодорхой болно. Харин энэ төлөвлөгөө, ажил нь зөв шийдэл мөн эсэх талаар дахин хэлэлцүүлэг хийх бөгөөд энэ хэлэлцүүлэгт эмч ажилтнуудыг идэвхтэй оролцохыг Ерөнхий сайд хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.78.179) 2014 оны 06 сарын 20

Dag nabbit good stuff you wheprirsnappeps!

0  |  0
Top