Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тайлангаа тавилаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06


УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлах гэж байгатай холбоотойгоор өнөөдөр УИх-ын гишүүн Г.Баярсайханаар ахлуулсан  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо сэтгүүлчдэд тайлангаа тавьлаа. Тэдний хэлж байгаагаар тус байнгын хороо 2012 оны 9-р сараас хойш дунджаар 64,5 хувийн ирцтэйгээр 10 удаа хуралдаж давхардсан тоогоор 26 асуудал хэлэлцэснээс хууль тогтоолын төсөл 12, хяналт шалгалтын ажил 2, тайлан мэдээлэл 9-ыг хэлэлцүүлсэн байна.  Мөн энэ хугацаанд тус байнгын хороо  үургана тогтоол гаргасан бөгөөд ажлын хэсэг нийт 11 удаа, дэд ажлын хэсэг нийт 11 хуралдсан байна.  

Тус байнгын хороогоор хэлэлцэн баталсан гол хууль нь Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Дээрхи хуулиуд өнгөрөгч оны 12-р сарын 20-ны өдрийн чуулганаар батлагдсан . Монгол улсын аюулгүй байдлын нэгээхэн хэсэг болсон хууль  ирэх сараас эхлэн хэрэгжинэ.   

Үүнээс гадна тус байнгын хороогоор хэлэлцсэн гол асуудал нь газар өмчлөл байсан юм. Тодруулбла Монгол улсын нийт хүн амын 7 хувь нь газраа өмчилж авсан гэх судалгаа байдаг аж. Тэгвэл үлдсэ иргэдийн хамруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөл, Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь дэмжигдсэн юм. Улмаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулахаар Байнгын хорооны тогтоол гаргасан гэдгийг байнгын хорооны гишүүд мэдээлсэн.

Мөн тус байнгын хороо урт нэртэй хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор  УИХ-ын гишүүн Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан өнгөрсөн жил хөдөө орон нутагт ажилласан байна. Улмаар  хэд хэдэн уурхайн үйл ажиллагааг зогсоож, гол мөрний эхийг бохирдохоос хамгаалсан гэнэ.  

Байнгын хорооны гишүүд мэдээллээрээ дээрх асуудлуудыг  тодотгоод хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд талархаж байгаагаа илэрхийлснээр хурал өндөрлөсөн юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top