АН-д амаа бариулсан МАН сүүдрийн Засгийн газар байгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

МАН-ын удирдах зөвлөл болон тус намын УИХ дахь намын бүлгийн өргөтгөсөн хуралдаан өчигдөр болсон. Намынхаа томчуудыг нэг дор цуглуулсан эл хуралдаанаар удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар ярина гэсэн боловч үнэндээ эл үгийг амандаа ч авсангүй. Харин Засгийн эрхийг барьж байгаа сөрөг хүчнийхээ үг, үйлдлийг хянах зорилготойгоор сүүдрийн Засгийн газар, парламентыг байгуулж ард түмэнтэйгээ хамтарч ажиллах гэнэ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар онцлоод байна лээ.

Хэзээнээс нааш төрийн эрхийг барьж, унахгүй, ялагдахгүй юм шиг аашилж сав л хийвэл олонхийн сүр хүчийг үзүүлдэг байсан хөгшин МАН энэ удаа 20-хон настай ардчилалд далаараа цэвэр тавиулсан гомдол нь өдгөө ч тасраагүй байгаа.

Ёстой л судлаач Д.Ганхуягийн хэлснээр энэ удаагийн ялагдал нь МАН-ын “Сүр сүлд аваад явчихсан” гэлтэй. Үг хэлбэл л буруудаж хэлсэн үгэндээ ороогдож, сөрөг хүчнийхэнтэйгээ сөргөлдвөл “мөргүүлчих” гээд л үйлээ үзэж буй.

Ямартай л УИХ-д бүлгээ байгуулж чадахгүй явсаар арайхийн нэг байгуулсан ч АН-ын бүлгийн сүр хүчинд дарагдан нар өөд харж чадахгүй байгаа. Тиймдээ ч улстөрийн үхмэл байдлаа гээж, цөөнхийн хяналтаа идэвхтэй тавихаар сүүдэр болох санаа төрсөн бололтой. МАН сүүдрийн Засгийн газар байгууллаа гээд АН-ын бодлого, Н.Алтанхуягийн Засгийн газрын үйл ажиллагааг хянаж чадах уу. Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэж нам дотроо түжигнэж, МАН-ын шинэчлэлтэй холбоотой бүлгэм, жигүүр, хөдөлгөөн гээд тусдаа үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй жижиг “наманцар”-тай болсон МАН-ын хүч тарамдаж байгаа. Ядахад намын экс генсек У.Хүрэлсүх намын нэрийн шинэчлэлтэй хамт шинэ ялалтыг авчирна хэмээн МАХН нэрийг МАН болгон танаж орхисон нь гишүүнчлэлийг нь хувааж МАН тамирдаж эхэлсэн. Өдгөө тус намын залуу халаа гэгдэж буй нөхдүүд ч нэг нэгээрээ аавын хаалга татаж, хэрэг төвөгт орооцолдон өнгөрсөн жилүүдэд дураараа дургисны гай нь гарч байгаа гэхэд буруудахгүй. Харин наранд буй цөөн хэд нь У.Хүрэлсүхийн тугалган цэргүүд болон хувирч өдгөө Ө.Энхтүвшин тэргүүтэй нөхдүүдэд мэдэгдэл хүргүүлж үүнийхээ хариуг авахаар “хашрааж” байгаа. Намын дарга нь жирийн гишүүдийнхээ хүсэлтийн хариуг өгөхгүй байна хэмээн байн байн гомдол гарсаар байгаа нь тус нам доторх байдал “Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” болсон гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхээр АН-ыг хянах сүүдрийн Засгийн газрыг нөгөө л муу нэртэй, луу данстай хэдэн “хөгшчүүл”, архаг лидерүүд нь байгуулж сценарын дагуу жүжгээ хөтлөх нь.

Тэдний сүүлчийн хүсэл нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах. Гэсэн ч намынхаа даргын гаргасан шийдвэр болон бусад томилгоог нь эсэргүүцэн мөчөөрхөж байгаа залуус сүүдрийн Засгийн газрыг сүүдэр шиг байлгаж нь юу л бол. Хамгийн сүүлд л гэхэд намынхаа нарийн бичгийн дарга нарыг юу ч хийдэггүй, мөнгө босгодоггүй, юу юугүй дээлээ нөмрөх гэж байгаа хүнийг хэвлэл мэдээлэл хариуцсан даргаар тавилаа хэмээн хэл ам таталж байгаа нөхдүүд Ө.Энхтүвшин даргыгаа түвшин байлгаж уу гээд асуудал олон ургана.

Ямартаа л МАН-ын гишүүд, дэмжигчдийн зөвлөлийн зохицуулагч Т.Сайнжаргал гэх шавилхан хархүү намдаа шинэчлэл хийхнэ хэмээн “том” ярьж, “томчуудаа” толгой дараалан шүүмжилж байхав. Тэрээр “Санхүү эрхэлсэн Ж.Бадамжунай, нийслэл хариуцсан Н.Мөнх-Оргил, орон нутаг хариуцсан Ж.Сүхбаатар, хэвлэл мэдээлэл хариуцсан Д.Сарангэрэл даргын оронд Т.Гантулга гэж залуу томилогдсон гээд дөрвөн орон тооны нарийн бичгийн дарга нар байна. Ж.Мөнхбат гэж ямар ч ажил хийдэггүй сэтэр зүүсэн нэг нөхөр ч бас бий. Гэтэл энэ их олон дарга нар чинь юу хийгээд байгаа юм гэж асуумаар байгаа юм. Сонгуульд ялагдал хүлээгээд нам хэцүү байгаа энэ үед санхүү хариуцсан нарийн бичгийн яагаад мөнгө босгохгүй, санхүүжилтээ хийхгүй байгаа юм. Мөн нийслэл хариуцсан, орон нутаг хариуцсан дарга нар ажлаа хийгээч. Ажил чинь болохгүй байна шүү дээ. Чадахгүй байгаа бол улс төрийн соёл гаргаад ажлаа өгөөч гэж хэлмээр байна. Яагаад нарийн бичгийн дарга нарыг ажлаа хийж чадахгүй гэж үзээд байна гэхээр хэдхэн жишээ л хангалттай. 21 аймгаас 9 аймагт МАН ялалт байгуулсан. Түүнээс одоо болтол Засаг дарга нь батлагдаагүй аймгууд байна. Энэ асуудал дээр орон нутаг хариуцсан Ж.Сүхбаатар дарга намын байр сууриа илэрхийлэх ёстой. Говь-Алтай аймагт манай нам ялалт байгуулсан боловч намын дарга нь нөгөө намтайгаа эвсээд иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаараа Ардчилсан намын хүнийг сонгочихсон.

Манай намын дарга Бага хурлынхаа эрх мэдлийг удирдах зөвлөл дээрээ хэрэгжүүлээд, бага хурлаас давсан шийдвэр гаргаад  байгаа юм. Хөдөө, аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Т.Гантулгыг нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч гээд томилчихсон. Манай намд ерөөсөө нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн статус байхгүй. Хана хүртэл чихтэй гэдэг шиг Т.Гантулгыг Ө.Энхтүвшин дарга “Би намын дарга гэж яваа л юм бол та нар Т.Гантулгыг сонго” гээд шахсаар байгаад Удирдах зөвлөлөөр сонгуулсан байна лээ. Гэтэл энэ нөхөр нь өнөө, маргаашгүй бусдын араас “хөлөө гозолзуулаад” явах гэж байна. Ийм нэр бохир, заваан нөхдүүдийг нам хариуцлагатай албан тушаалд тавьж хаацайлж байх ямар шаардлага байна” хэмээн хээв нэг намынхаа өөдөөс дуугарчээ. Энэ мэтээр дотоод асуудлаа шийдэж чадахгүй эгэл жирийн нэг гишүүнээсээ хатуухан үг сонсож буй хөгшин намд сүүдэр “ургуулж” сүр үзүүлэх хэрэг байна уу.

Ж.Ананд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(122.179.56.200) 2014 оны 06 сарын 21

Thanks for that! It”s just the answer I neddee.

0  |  0
Top