“Шударга ёс” эвслийн бүлгээс мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэрээ Оюутолгой ХК-ийн талаар мэдэгдэл гаргаснаа мэдээллээ. Мэдэгдлийн агуулгад нь 2009 оны 10 дугаар сарын 6-нд С.Баяр тэргүүтэй тухайн үеийн  МАН-АН-ын Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулагчтай Оюу Толгойн ордыг ашиглах тухай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ нь шударга бус гэрээ болохыг 2013 оны 2 дугаар сарын 1-ний УИХ-ын чуулганы хуралдаанаар үндсэнд нь нотолсныг онцлон тэмдэглэжээ. Мөн гэрээг сайжруулах чиглэлийн дагуу Засгийн газраас томилсон ажлын хэсэг хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй хийсэн уулзалтынхаа үр дүнг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр олон нийтэд мэдээлсэн. Уул уурхайн сайдын мэдээллээс үзвэл, батлагдсан ТЭЗҮ-ээр анхны хөрөнгө оруулалт нь 5,1 тэрбум доллар, нийт хөрөнгө оруулалт нь 14 тэрбум гаруй ам.доллар болох тухай мэдээлж, үүнийг Монголын тал үндсэндээ зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Энэ мэдээлэлтэй холбогдуулан бид дараах агуулга бүхий мэдэгдийг хийлээ. Тодруулбал Оюу Толгойн ордын нийт нөөц баялагийн тоо хэмжээний тухай огт мэдээлсэнгүй. 2009 оны 7 дугаар сард Монголын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан Оюу Толгойн ордын нийт нөөц баялаг нь 45 сая тонн зэс, 1800 тн алтаар тогтоогдсон билээ. Гэтэл хөрөнгө оруулагчийн зүгээс 2010 онд хийсэн тооцоогоор түүнээс  4 дахин бага зэс, 3 дахин бага алт авахаар тооцоолж байгаа нь үндэслэл багатай юм.  Оюутолгойн ордыг ашиглах ТЭЗҮ одоо хүртэл эцэслэн батлагдаагүй байна. 2007 онд хийсэн ТЭЗҮ-ээр үйлдвэрлэлийн анхны хөрөнгө оруулалт 2,7 тэрбум доллар байв.. Гэтэл  Монголын засгийн газар энэ  хөрөнгө оруулалтыг 2 дахин ихэсгэсэн байр суурийг хүлээн зөвшөөрч байгаа нь Монголын эрх ашигтай  нийцэхгүй байна гэж бид үзэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн тухайн үеийн Монголын засгийн газрын 3 гишүүн, одоо Монголын талыг Оюу Толгой компанид төлөөлж байгаа ТУЗ-ийн 3 гишүүн УИХ-д мэдээлэл, тайлан хийх шаардлагатай гэж үзэж байна. Энэ гэрээг өөрчлөх, сайжруулах тухай гэрээ хэлэлцээрийг хийхдээ, бүх талаас сайтар хэлэлцсэн, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан удирдамж, чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн байна. Өөрөөр хэлбэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, сайжруулах асуудлаар Засгийн газрын илэрхийлж байгаа байр суурь Монголын эрх ашгийг бүрнээ илэрхийлж чадахгүй байна гэж УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл үзэж байгаа аж. Бид энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батцогтоос энэ талаар тодруулга авснаа хүргэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top