С.Ганбаатар гишүүн Засгийн газарт талархав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар энэ Засгийн газарт талархалтай ханддаг юм байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлж буйгаар тэрээр өнөөдөр Ерөнхий сайдтай уулзахдаа шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа нийгмийн гол ачааг нуруундаа үүрдэг хөдөлмөрчин иргэддээ чиглэсэн чухал бодлогууд гаргаж, гурван талт хэлэлцээр хийж, ажил хэрэгч хамтын ажиллагааны механизм бүрдүүлж чадсанд Үйлдвэрчний эвлэлийнхэн талархалтай байгааг хэлжээ. Тэрээр Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийнхэн эсрэг байр сууринаас өөд өөдөөсөө харж мэтгэлцэх хандлага өөрчлөгдөж, нэг зүгт харж, нэг долгион дээр ажилладаг болсон нь том дэвшил хэмээн тэрбээр тодотгоод “Монгол хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалсан хууль эрх зүйн орчин бий болгох, эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийх, Оюутолгой, Тавантолгой зэрэг том орд ашиглалтын хариуцлагыг өндөржүүлэх гэх зэргээр үйлдвэрчний эвлэлийнхний зүгээс дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн ажлуудыг Шинэчлэлийн Засгийн газар ард түмнийхээ эрх ашгийн үүднээс шийдвэрлэж байгааг тодотгон хэлэх нь зүйтэй юм” гэсэн байна.

Цаашид Шинэчлэлийн Засгийн газрын чухал бодлогуудыг доод, дунд шатанд хэрэгжүүлэхэд, төрийн үйлчилгээтэй холбоотой гомдол маргааныг шуурхай шийдвэрлэхэд Үйлдвэрчний эвлэлийнхэн хүчтэй оролцож, энэ хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг зорьж байгааг төлөөлөгчид хэллээ.

Иргэнээ сонсч саналыг нь бодлого шийдвэртээ тусгах, өөрсдийн ажлаа хөшигний ард биш ил, тунгалаг явуулах, амжуулснаа буцаан тайлагнах гэсэн үндсэн зарчмуудыг энэ Засгийн газар өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгодгийг Ерөнхий сайд онцлоод, өнгөрсөн хугацаанд гарсан зарим үр дүнгээс жишээ татан тайлбарласан юм. Түүнчлэн, өөрийнх нь удирдаж буй Засгийн газрын дээрх гурван зарчмыг тунхаг биш ажил хэргийн механизм болгоход Үйлдвэрчний эвлэлийнхэн хамгийн чухал үүрэгтэйг Ерөнхий сайд нэмж тодотгоод, хэдийгээр нэг завинд суун хамтран ажиллаж байгаа ч алдаа оноог залруулах бүтээлч шүүмжлэлээ зогсоох ёсгүй шүү хэмээн захилаа.

Хамтын ажиллагаагаа илүү нягт уялдуулахад чиглэсэн саналуудаа Үйлдвэрчний эвлэлийнхэн уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүнд уламжилж, тэдний саналыг холбогдох шийдвэрт тусгахаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top