30 гаруй албан тушаалтан АТГ-т мэдүүлгээ өгсөнгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 2012 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2 дугаар сарын 15-ны хооронд 45 хоногийн хугацаанд зохион байгуулж дууслаа.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг бүртгэж хүлээн авсан явц, байдлын мэдээг тухай бүр гарган танилцуулж байсан ба 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн байдлаар урьдчилсан байдлаар бүртгэгдсэн 47800 гаруй мэдүүлэг гаргагчдын 99,93 хувь нь мэдүүлгээ хуульд заасан хугацаанд /цаасан хэлбэр/ бүртгүүлсэн, 0,07 хувь нь буюу 30 гаруй мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаагүй байна.

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 111 байгууллагын мэдүүлгийн бүрдүүлэлтийн тайлан мэдээг мэдүүлгийг гаргуулан авч дууссан хугацаанаас хойш 14 хоногийн дотор гаргуулан нэгтгэж, дүн мэдээг танилцуулах ба энэ дүн мэдээгээр хугацаа хожимдуулж мэдүүлсэн, мэдүүлгээ гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан албан тушаалтнуудын нэрс, тоо тодорхой болно.

Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 268 албан тушаалтан байгаагаас одоо албан тушаал дээрээ ажиллаж байгаа 255 мэдүүлэг гаргагч 100% мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top