Саяхан МАН хоёр сонгуульд дараалан ялагдаж үхэх сэхэхийн дэнсэнд ирэв. МАН сүйрснээр монголын улс төрийн системийн задралыг хурдасгаж байна. Онол, чиг баримжаа, үнэт зүйл, зарчим, үйл ажиллагаа “бүгдээрээ л зөв” гээ биз дээ. Тэгээд “бүгдээрээ зөв” юм бол яахаараа ингэж сүйрдэг юм ? Үүнийг бодсон хүн байгаа юу ?!
Яасан ?! Юу болсон ?! Одоо Н.Энхбаяр ингэж бодож байгаа: Миний үед МАН мандан бадарч байсан. Энэ хэдэн олигархи нураагаад хаячихлаа. Би шоронгоос гарч эргэж ирээд тэмцээд ёстой үзүүлээд өгнө. МАН-ын “шинэчлэгчид” ингэж бодож байгаа: Манай нам Энхбаяр даргын үед ёстой мандаж байсан. Энэ муусайн дарга нар намын нэр солиод л баллаад хаячихлаа. Одоо намаа шинэчилнэ. Намаа болон биднийгээ “аваад явчих” шинэ, залуу хүн гаргаж ирэх хэрэгтэй. Даанч одоохондоо “лиидэр” алга…
Шинжлэх ухаан гэдгийг огт мэдэхгүй, усан тэнэг, хаан болохоос өөр хүсэлгүй, ард түмэн, улс үндэстнээ гэх сэтгэл зүтгэлгүй, хувийн атгаг бодолтой, шуналдаа автсан, буурь суурьгүй, хамрынхаа үзүүрээс цааш харахгүй, бүх юмыг орчуулдаг сэтгэлгээ, үйлдэлтэй болохоор Та нар өөдөлнө гэж ёстой байхгүй.
Энэ үгийг би мөн ч олон жил хэлж байна. 1998 оноос системийн хямрал гэж. 2000 оноос системийн сүйрэл гэж. Үүнийг хэллээ гэж Та нар намайг “цэвэр ариун” намынхаа эгнээнээс хөөж, шүүхээр шийтгэсэн.
Түүгээр үл барам ШУА, МУИС-д ажиллах, төсөлд ажиллах эрхгүй болгож мөрдөн мөшгөсөн. Нийт 7 удаа ажлаас халсан. Үнэнийг хэлэхэд би судлаач Д.Ганхуяг тулдаа тэсэж үлдсэн. Өөр хүн байсан бол тураад юм уу, гутраад, цөхрөөд сөнөх байсан биз…
Одоо Н.Энхбаяр хүн хэлмэгдүүлж байна, шударга ёс, энэрэнгүй ёс ярихаар миний инээд хүрдэг юм. “Тэр мууд ямар ч ажил, ямар ч төсөл өгч болохгүй” гэсэн аман тушаал өгч байхдаа намайг биш юмаа гэхэд миний гэр бүл, үр хүүхдийг тэр өрөвдсөн үү. Үгүй ш дээ. МАН үнэнийг хэлсэн хүнийг ингэдэг байсан юмаа гэдгийг л хэлж байна.
Ингээд МАН-д онолын болзошгүй аюулыг хэлсэн намайг “дарж аваад” Энхбаярын заасан замаар замнаваа хөөрхий, МАН. Энхбаяр “системээ” 2000-2004 оны хооронд байгуулсан юм.
Ердөө дөрвөн жилийн дотор дундад азийн дарангуйлагчдыг дуурайж байгуулсан түүний систем монголын нийгмийн муу муухайтай нийлээд фашист маягийн дэглэм үүсгэсэн юм. 2004 оноос хойш энэ ямбий системдээ нөхөөс тавьсаар байгаад одоо бүр сэг болоод нурж байна.
Үзэл суртал бол аймаар байв. Энхбаяр чинь Үндэсний удирдагч, Гималайн уул болж, оны шилдэг тэргүүний 30 гаруй шагнал авдаг байлаа ш дээ.
Даанч ч хүн нь боловсролгүй, тэнэг болохоороо эдийн засаг, нийгэм болон оюун санааны хүрээгээ удирдаж чадаагүй л байхгүй юу. Намайг үлгэр жишээ болгож “алснаар” түүний өөдөөс үг хэлдэг хоншоортой хүн ганц ч байхгүй болов. Харж байна уу, олон юм донгосвол Ганхуяг шиг болгоно шүү…
Үнэхээр ч “цагаан хоол” идэж байхдаа гэрийнхнийхээ нүүр рүү эгцэлж харж чадахгүй үе надад байсан юм шүү. Гэвч би амьдралын үнэнд дэндүү хайртай, түүнийхээ төлөө тэмцэж чаддаг байлаа.
Чухам ийм учраас л би дуугай “үхэж” болохгүй байв. Ингээд бараг боломжгүй, үнэнхүү хүч тэнцвэргүй нөхцөлд би тулалдахаар зориглосон юм. Олон хүн намайг “үхчихсэн” гэж бодож байсан. Тэр ч байтугай гэргий минь хүртэл намайг ялах нь байтугай “амьд үлдэнэ” гэхэд итгэхгүй байв. Уйлаад л байдаг байж билээ. Харин би л ганцаараа ялна гэдэгтээ дэндүү итгэж байсан. Ганцаараа шүү дээ…
Зүйрлэвээс Энхбаяр заан, би хулгана байлаа. Хэмх дэвсэж байгаа юм чинь. Огт хайрлахгүй гэдгийг нь би сайн мэдэж байлаа. Би зугтаж, бултаж байгаад л хааяа нэг хазна. Юу нь өвдөхөв. Олон жил ийм явсан даа. Ёстой нэг үйл тамаа эдэлсэн. Шал тоохгүй байгаа юм чинь. Яваандаа хатуу зузаан арьс биш, нимгэн суга, цавь, чих, хүйс, хошного, тэр ч байтугай эмзэг эрхтнийг нь хазаж өвтгөж чаддаг болов. Үүний хариуд муур багш-цагдаа, тагнуулч-элээ, хорлон сүйтгэгч-шонхор, ховлон мэдээлэгч-сар болон зальт үнэг зэргийг байсхийгээд л явуулна. Тэд нар нь бүгдээрээ орчин үеийн “бичиг үсэг мэдэхгүй” нь даанч сайхан. Хулганын хор бол байнга тавиастай. Сүүлдээ “онолоо” ашиглаж байгаад зааны хамар руу ороод авсан юм. Одоо бол ямар ч заан ёстой гонжгор нь биз дээ. Тэр харахад л заан шиг байсан байх. Залуучууддаа хэлэхэд зорьсондоо хүрэхийн тулд тэмцэж сур.
Н.Энхбаяр дэс дараалсан алдаа гаргаж байхад би системийн ганц ч алдаа гаргаагүй. Сүүлдээ миний эсрэг тагнуул, ховлон мэдээлэгчдийн сүлжээ байгуулсан гээд л бодчих. Сүүлдээ мэддэг, чаддаг ганц аргаараа худалдаж авах гэж оролддог болов. Хүнд НЭР ТӨР гэж агуу юм байдаг гэдгийг тэр одоо ч ойлгоогүй яваа. Би түүнээс “уучлаарай” гэсэн ганц л үг шаарддаг. Тэр нандин үг ийм өчүүхэн хүний амнаас хэзээ ч унахгүй юм билээ.
Одоо ч гэсэн “уламжлалын” дагуу МАН-ын Прогноз төвд намайг “судалдаг” орон тооны хүн ажиллаж байдаг. “Судалж” л байг. Уйдахгүй бол шүү дээ…
Яагаад ийм болов гэвэл манай нийгмийн болон МАН-ын системийг Энхбаяр болон түүний баг мэдэхгүй, би мэддэг байсанд хамаг учир оршино. Н.Энхбаяр хүнийг хүчээр удирдаж байхад би сонирхсон, хүссэн аливаа процессод ямар нэг хэмжээгээр нөлөөлж болдог байв.
Ухаандаа МАН-д ямар элдэв жигүүр мигүүр ургалаа гэхэд тэрний бодлого, гол санааг би ямагт олж чаддаг байв, зарим илтгэл, хэлэх үг зэрэг нь миний компьютерээс гардаг байв. Зарим үед ноён Н.Энхбаярын илтгэлийг би өөрийн гараар бичиж дараа нь өөрөө шүүмжилсэн инээдтэй тохиолдол ч бий. Үүнийг тэр одоо л сонсож байгаа. Хохь чинь ?! Дандаа “бэлэн юм” уншихаар тэгдэг юм. Нөгөө талаас мэдлэг гэж энийг хэлдэг юм. Мөн фракц, бүлэг хоорондын зөрчил гэж “сайхан юм” байна. Нэг сайхан “онолтой” үг бичээд өг гэнэ. Бичээд л өгнө ш дээ…
Зарим нь намайг “хор найруулдаг” гэж ярьдаг гэсэн. Уучлаарай эрхмүүд ээ. Би гэртээ л сууж байдаг. Та нар манайд өөрснөө гүйж ирдэг, гуйж гувшдаг. Тэгээд би хүсэлтийн чинь дагуу “цаас бичиж” өгдөг. Харин мөнгө хэзээ ч авч байгаагүй. Тэр үед Та нар төрөө, намаа аврая гээд уйлагнаад л байдаг биз дээ. Ихэнхи чинь миний “цохолтоор”, миний хийж өгсөн “бичгийг” уншиж байгаад дарга, сайд болсон, хүслээ биелүүлсэн. Та нар “намаа шинэчилье” гэдэг байсан, би “тэг тэг” л гэдэг байсан. Харин Та нарын даргынхаа ажлыг, намынхаа ажлыг унагасны бурууг би яагаад ч хүлээж чадахгүй.
Тэгээд дарга болж аваад “сайн уу ч байхгүй” алга болдог чинь худлаа юу. Би нэрлэх үү ?! Та нарын зарим миний ачаар дарга болчихоод намайг “гуйлгачин” гээд явж байдаг ш дээ. Энэ чинь Та нарын ёс суртахуун, Та нар бүгд ийм солиотой улс. Намайг шизотой гэсэн цуурхлыг улс орон даяар Та нар л тараасан биз дээ.
АН, иргэний хөдөлгөөн дэх зарим үйл явцад дээрх маягаар нөлөөлж болж байв. Энэ бүхний дээрээс социал процессын удирдлагын мэргэжил, хаосын онол энэ тэр нэмээд ирэхээр ёстой “ганц дайчин ганцаардахгүй” болж байгаа юм.
Энд би нэгэнт өөрийн тухай өгүүлж буй учраас хялбарчлах үүднээс зөвхөн онол-үзэл санааны хүрээг өөртэйгээ хамаатуулан “ганцаараа” мэт бичиж буйг анзаарч уучилна биз. Уг нь бол өөр хүчин зүйл, байгууллага, хувь хүмүүс тун олон байсан нь мэдээж хэрэг. Гавъяа оролцоо нь асар их энэ хүмүүсийн тухай би жичид нь бичнэ.
Энхбаярын хийсэн мянганы зам, их өрийг дарсан, бүсчилсэн хөгжил, төрийн удирдлага, санхүүжилтийн зарчим, газар хувьчилсан, лицензийн болон баялгийн наймаа, мянганы хөгжлийн цогц бодлого, төр болон намын системд тогтоосон удирдлагын болон ажлын арга барил, хэм хэмжээ зэрэг БҮХ АЖИЛ манай нийгмийн хөгжилд стратегийн ихээхэн хөнөөлтэй, алсын хор уршигтай. Үүнийг би нотлоогүй, өнөөгийн практик, шинжлэх ухаан нотолж байгаа. Монголын атаат дайсан байсан ч манай улсыг ингэж углуурга заадсаар нь хорлож чадахгүй
Энхбаяр монголын социал процессын удирдлагын цорын ганц мэргэжилтнийг, системийн анализын гуравхан мэргэжилтний нэгийг нохой мэт хөөснөө арваад жилийн дараа ойлгосон юм. Хоёр нь ажилгүй байж байгаад нас барсан. Монгол Улс, МАН толгойгүй байдгийн учир нь ердөө л энэ.
Хөрөнгө мөнгө, эрх мэдэл, нэр сүрээрээ тэр ялж байсан мэт боловч цаг хугацааны урт хэрчимд оюун санааны талбарт би ямагт ялж байв. Энэ нь одоо нотлогдож байна. Практик бол үнэний шалгуур. Н.Энхбаярын байгуулсан адгийн системийн талаар би залхтал бичсэн, миний блогт ч дүүрэн бий, бусад хэвлэлд ч дүүрэн бий. Одоо энэ систем нуран унаж байна.
Надад үнэхээр харамсалтай байна. Хамгийн гол нь цаг хугацаа их алджээ. Дөчин хэдэн настай шижигнэсэн эр одоо бараг жар шүргэж байна. Миний мэдлэгийг нийгмийн сайн сайханд ашиглалгүй, ердөө л нэг тэнэгийн алдааг илрүүлэхэд зарцуулав. Зөвхөн үүнийг үнэмшүүлж ойлгуулахын тулд арав гаруй жил тасралтгүй дайтжээ. Утгагүй байгаа биз дээ. Монголын “хуучны” онолч эрдэмтдийг “устгаж” болно л доо, тэгвэл оронд нь бэлтгэсэн шинэ баг, эрдэмтэд гэж байх ёстой биз дээ. Хаа байна тэд чинь ?!
Би заримдаа гүн ухааны хувьд боддог юм. Ер нь манай ард түмэн тэнэг юм байна гэж. Энхбаярын шинэчлэлийн үр дүнд улам тэнэг болжээ. Би энийг шууд л хэлдэг.
Хэзээ ч үл давтагдах, гайхамшигт иргэншил соёлыг шинэ зуунд уламжлан хөгжүүлэх үүрэг хүлээсэн өнөө үеийн бид уламжлалын ч дайсан, шинэчлэлийн ч дайсан болж хувирсан байна. “Чингис мундаг” (уламжлал), бас “ардчилал мундаг” (шинэчлэл) гэхээс өөр юмгүй давхиад байхаар ийм мал шиг болдог юм.
Ийм харанхуй мунхаг байж хэрхэвч болохгүй !!! Манайд шинжлэх ухааны эсрэг бүхэл бүтэн “арми” бий болж. Сая шинжлэх ухааныг хамгаалаад хэдэн өгүүлэл бичсэн чинь бараг “бүх үндэстнээрээ” эсэргүүцэв. Энэ бол Н.Энхбаярын системийн арав гаруй жил “соён гэгээрүүлсэн”-ий үр дүн юм. Энэ одоо юу болж байгаа юм ?!
Бид XXI зуунд оюун сэтгэлгээний хувьд дундад зууны, тэр ч байтугай балар эртний үед буцаж орсон байна. Одоо оюун санаа, шинжлэх ухааны хувьсгал хийхгүй бол ийм хөгийн сэтгэж, үйлддэг ард түмэн ямар ч нийгэм байгуулж чадахгүй.
Одоо ч гэсэн Энхбаяр даргыгаа шоронгоос гаргаж ирээд “жаргана” гэсэн улс дүүрэн. Шоронгоос “гаргаж” болох л байх. Харин ахиж “дарга болгоно” гэвэл ёстой горьд. МАХН бол шинээр будчихсан “хогийн сав”-наас өөр юу ч биш…
Сая Н.Энхбаярыг шоронд ороход олон хүн утасдаж надад “баяр” хүргэсэн. Нээрээ шүү !!! Юун баярлах. Учир нь төр, нам, ард түмэн, Энхбаяр, би гээд хэн ч хожоогүй. Сэтгэл гутранги, ухаан хоосон үнэн утгагүй байгаа юм чинь. Яах гэж, үр дүн нь ердөө энэ үү, энэ бүхэн ямар учир утгатай юм гэсэн асуултад би огт хариулж чадахгүй байгаа учраас тэр.
Тэнэг юмны үр дүн ямагт тэг байдаг. Одоо энэ нөхрийн хийсэн тэнэг ажлын үр дүнд бүхэл бүтэн нам сүйрч байна. Улмаар тун удахгүй төр сүйрнэ. Манай монголчууд надад үнэмшдэггүй хэдий ч энэ бол баараггүй. Энэ төрийнхөө байж байгаа царайг хар. Энэ бол энхбаяризм гэдэг монгол үзэгдэл, антисистем.
Хувь заяаны тохиол сонин л доо. МАН сэхээнд. Төр мухардалд. АН задралын ирмэгт. Ард түмэн нь мангуу. Энхбаяр шоронд. Би ажилгүй. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн зодоон эхэлж байна.
Жинхнээсээ хонзон санахаар би хүртэл МАН-ын гишүүдийг өрөвдөж байхад Энхбаярын аман тушаал хэвээрээ, МАН шүдээ зуугаастай, үнэнийг үзэн ядаастай…
Хэрэв МАН миний нэр төрийг цэвэрлэж өгөхгүй бол надад түүний “булшин дээр” тавих цэцэг, хэлэх үг хоёроо бэлдэхээс өөр арга байхгүй. Их л хэцүү юм болно байх…
Олон хүн Н.Энхбаярыг гүйцэх лидер байхгүй гэж ярьдаг. Зургаахан жил нам удирддаг лидер байдаг юм уу ?! Лидерийн үлдээсэн нам ийм цаасан бар шиг байдаг юм уу ?! Та нар л тэнэгээрээ сарьсан багваахайг хаан болгосон. Н.Энхбаярын үед манай нам “сайхан онолтой” байсан гэж ярив даа ! Тэрийг чинь би хийж өгөөд шанд нь танай намаас хөөгдсөн. Ингэж хэлбэл Та нар “ойлгож” магадгүй. Одоо чаддаг юм бол намдаа “миний онол”-оос өөр “онол” гаргачих л даа…
Одоо МАН-ынхан манай нам Энхбаяр даргын үед мандаж байсан гэвэл сэхээнд орсон намаа хэзээ ч аварч чадахгүй. Намын чинь сүйрлийн эх суурийг 1998 онд Энхбаяр тавьсан. АН ч гэсэн дайснаа дарсан мэт баярлаж болохгүй л дээ. Учир нь АН-д удахгүй дагаад задрал эхэлнэ. Яагаад гэвэл энэ чинь нэгдмэл систем…
Энэ байдлаас системийн зөв анализ дүгнэлт хийж байж л аврагдах боломжтой. Гэтэл үүнийг хэн ч хийхгүй байна. Хийх гэсэн хүнд боломж өгөхгүй байна…
Над руу МАН-ын олон хүн намаа авраач гэж ярьж байна лээ. Би барагтай “юмыг” ойлгодог. Харин намаасаа хөөчихөөд, шүүхээр шийтгэчихээд, 7 удаа ажлаас халчихаад ямар нүүрээрээ намаа авар гэж байгааг ёстой “ойлгохгүй” юм байна.
Тэгж ярих юм бол АН надад сайн юм хийгээгүй ч муу юм бас хийгээгүй. Би л МАН-тай байнга хуйвалддаг энхбаяристуудыг нь мэддэг болохоороо загнаад байгаа болохоос. Гэхдээ л АН бол МАН-ын зүсээ хувиргасан дүр, энхбаяристууд мөнөөсөө мөн.
Олон хүнд “онгирсон” гэдэг ойлголт төрүүлэхгүйн тулд би өөрөөсөө байнга асуудаг асуултаа энд бичихээр шийдэв. Хэрэв Н.Энхбаяр, МАН намайг ингэж олон жилийн турш хүмүүн бусаар доромжилж, дарлаж, хуурч хулхидаж, мөрдөж мөшгөж, тамлаагүй бол би ийм эрчтэй эсэргүүцэл үзүүлж, хүчтэй тэмцэж чадах байсан уу ? Чадахгүй л болов уу. Үүнд би яаж ч хариулсан одоо бол ердөө л хийсвэрлэл болно. Бодит зүйл гэвэл миний хийсэн тэмцэл юм. Асуудал миний гайхамшигтай мундагт биш, Н.Энхбаярын системийн буруу бөгөөд арчаагүйд байсан. Оюун ухааныг юу ч дийлдэггүйг би нотолж чадсан.
Одоо бол энхбаяризмаас (Н.Энхбаяр биш шүү) салах явдал Монголын нийгмийн эн тэргүүний зорилт гэдгийг би энэ удаад хэлж чадна.
Энэ бол жинхнээсээ онол практикийн асуудал юм. Та нар үүнийг ор тас мэдэхгүй байна. Яагаад гэвэл Монгол орны хувь заяаны амин чухал агуу том асуудлыг Та нар “хүн шоронгоос гаргах”, “нам нийлүүлж салгах” мэтийн өчүүхэн хэмжээнд “ойлгож” байна. Ингэхлээр Та нар бүгдээрээ усан тэнэгүүд. Хэдий завандаа бүгдээрээ засаршгүй энхбаяристууд болчихдог байна аа…
Харин энэ харанхуй мунхаг дунд цэцэг цэврүү шиг шинэ үеийн шинэ хүчин бүрэлдэж байгааг би бахархан дурдаж байна. Би тэднийг энхбаяризмын паразитуудад ахиж бариулахгүй, устгуулахгүй, тэгэх эрх надад байхгүй.
Хэрэв миний хувь заяа ахиад шаардвал би энхбаяризмыг оргүй устгаж, шинэ, дэвшилтэт ардчилсан систем тогтооно…
Судлаач Х.Д.Ганхуяг
Сэтгэгдэл ( 0 )