Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо УИХ-ын 2012 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр тайлагнав. УИХ-ын 2012 оны намрын чуулганы хугацаанд Байнгын хороо гишүүдийн 75 хувийн дундаж ирцтэйгээр хуралдсан нь бусад байнгын хороодын хуралдаанаас хамгийн өндөр ирцтэй байв. Өнгөрсөн хугацаанд НББСШУБХ 20 удаа хуралдаж давхардсан тоогоор 25 асуудал хэлэлцэж, 29 санал, дүгнэлт, 6 танилцуулга, 20 удаагийн хуралдааны тэмдэглэл гаргасан байна. Мөн 12 хуулийн төсөл / дагалдаж өргөн мэдүүлэгдсэн хуулиудыг оруулаагүй/, 3 УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцсэнээс Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 11 хууль, 2 УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ. Түүнчлэн Байнгын хороонд хандаж байгууллага, иргэдээс ирүүлсэн 23 өргөдөл, 88 албан тоотод тухай бүр нь хариу өгсний зэрэгцээ нийт 61 албан тоот явуулж, 1022 хуудас хууль, УИХ-ын тогтоолын төсөл болон холбогдох лавлах материалыг хувилж, УИХ-ын гишүүдэд тараасан тооцоо гарсан байна.
Тус Байнгын хорооноос Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцх тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний дархлал олдмол хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд болон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.
УИХ-ын 2012 оны намрын чуулганы хугацаанд НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгээр ахлуулсан 4 Ажлын хэсэг байгуулж тодорхой удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль, 124 дүгээр цэцэрлэг, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэг, Боловсролын Их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Нялхсын клиник төв, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Хаяг тогтоох төв болон Өгөөмөр, Бадамлянхау халамж асрамжийн төвүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ. Түүнчлэн Төв аймгийн Батсүмбэрийн Улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцаж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, зохих үнэлэлт, дүгнэлт өгсөн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )