МАН, МАХН-ын ”Хуримын зар” АН-ыг сандаргав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэх үг  амьдрал дээр биелэлээ олов. Удам угсаа, гарал үүсэл нэгтэй, ах дүү МАН болон МАХН-ынхан нэгдэх сургаар АН-ынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнан шөнө дөлөөр яаран сандран хуралдав.

Намын нэр солигдох, түүнээс өмнө нэг тогоонд багтахаа байсан МАХН-ынхан нэрнээсээ хорт “Х” үсгийг хасаж МАН болсноор нэгэн дээвэр дор багтахаа байсан Н.Энхбаяр тэргүүтнүүд МАХН нэрийг нь өмчилсөн нь МАН-ыг “үхлийн хавцал” руу шууд нисгэчихсэн гэхэд болно.

Харин АН-ын тухайд энэ нь нэг их асуудал биш ч Н.Энхбаяраар толгойлуулсан нам парламентад цөөнгүй суудал авсан нь нэг талаар толгой руу нь тонших шаналгаатай дориур болж, нөгөө талаар МАН-ыг хүчгүйдүүлэх, цаашилбал улстөрөөс нэг мөсөн хөмрөх боломж болсон юм.

Гэсэн ч хэзээний бие биенийхээ өөдөөс сөрдөг эл хоёр нам нэг зүгт харж нэг замаар замнана гэсэн түүх байхгүй. Тиймдээ ч удирдагчаа шоронд хориулсан МАХН эвслийн Засгийн газрыг тараах асуудлаар шантааж хийн даргаа нарснаас гаргах төлөвлөгөө боловсруулсан боловч амжилт олоогүй. Тиймээс дараагийн хөзрөө дэлгэсэн нь МАН-тай нэгдэн нийлж, цааашилбал хамтдаа Ерөнхийлөгчийн сонгуульд орох. Мөн парламент дахь бүлгүүдэд ч хөдөлгөөн орно. Ингэж гэмээнэ Улсын, Засгийн, Нийслэлийн эрхийг барьж буй  АН зарим талаар хүчин мөхөсдөх, тэдний шантаажинд автан өөрсдийн шийдвэрээ төгс хэрэгжүүлж чадахгүйд хүрэх аюултай. Бас нарсанд хадагдсан Н.Энхбаярын гар хөл хол явна.

Тиймээс АН-ынхан эл хоёр намыг нэгдэн нийлэх нийлэх ажиллагааг ямар ч “үнээр” хамаагүй таслан зогсоох их “дайнд” мордлоо.

Яаран сандран хуралдсан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн. Энэ нь МАН МАХН хоёрыг нийлэх боломжгүй дүрэмийн талаар сэм хэлэлцсэн гэх. Гэхдээ Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн эл асуудлаа ҮЗХ болон нийслэл, дүүрэг аймгийн анхан дунд шатны нөхөн сонгуулийг хойшлуулах, Ардчиллын өргөөний ажлын явцтай танилцах гэсэн асуудлаар далдлан нуухаа ч мартаагүй.

Тэдний хэлснээр Намуудын тухай хуульд өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулан Намын дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг шинэчлэн зохион байгуулах тогтоол гаргасан гэж байгаа. Эл ажлын хэсгийн даргаар АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, дэд даргаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь нарыг томилогдсон. Харин ажлын хэсэгт Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Болд, С.Төмөрхүү, Б.Ургамалцэцэг, Б.Мягмардаш нар гишүүдээр ажиллахаар болсон ч угтаа МАН, МАХН-ын “гэрлэлтийг” цуцлах асуудлыг ярих том баг болно гэдэг нь тодорхой.

Уг нь Намын дүрэм шинэчлэх ажлын хэсэг 2011 онд байгуулагдаж ахлагчаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажиллаж байсан гэж байгаа ч 2011 оноос хойш дорвитой өөрчлөлт хийгээгүй байсан тэднийг МАН, МАХН-ын “хуримын зар” ийнхүү хөдөлгөөнд орууллаа. Үхсэн буурын толгойноос амьд ат айнаа гэж...

Н.Алтанхүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top