Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолыг нийтэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Маргааш хэвлэгдэн гарах “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүрэн эхээр нь нийтэллээ. Энэ хуулиар тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн зөвлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар тус тус ямар бүрэн эрх хэрэгжүүлэхийг хуульчилсан байна.

Мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах түүний дотор тэдгээрийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тээвэрлэх, хадгалах, хамгаалахад ямар шаардлага тавихыг тодорхой тусгажээ. Дээрх хуулиар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуулийн этгээдэд хадгалагдаж байгаа болон үйлдвэрлэсэн, импортлосон, экспортлосон, худалдсан, ашигласан, устгасан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн нэр төрөл, тоо ширхэг, байршлыг нарийвчлан тусгасан  мэдээллийн нэгдсэн сантай байх ажээ. Түүнчлэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хэрхэн хяналт тавих, энэ хууль тогтоомж зөрчигчид ямар хариуцлага хүлээлгэх талаарх мэдээллийг энэ хуулиас мэдэх боломжтой юм.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилттой Хаягжуулалтын тухай хуулийг нийтлэв.

Үүнээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг  энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулиудын хамт нийтэллээ.

Энэ хуулинд  тухайлбал,хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээ хийлгэхээр бол эмчилгээний зардлын 70 хувийг нөхөн олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд цалин хөлс авч байгаа гэсэн шалтгаанаар нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын аливаа тэтгэвэр, тэтгэмжийг нь зогсоохыг хориглоно гэсэн заалтыг тус тус  нэмж оруулсан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдээхүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийг тус тус нийтэллээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “хуульч”-д хэнийг тооцох, хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хуульчдын нэгдсэн бүртгэлд хэрхэн бүртгүүлэх, ямар үндэслэлээр тэднийг бүртгэхээс түдгэлзүүлэх зэрэг асуудлыг  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд хуульчилсаны зэрэгцээ  Хуульчдын анхдугаар их хурлыг зохион байгуулахтай холбоотой асуудлыг  тусгажээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

Ийнхүү бодлогын зорилго нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангасан эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвар бүхий иргэний нисэхийн үйлчилгээг бий болгож, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд оршиж байна.

Мөн дугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай, Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарим зарлиг, Засгийн газрын тогтоолыг нийтлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top