Киргизийн Гадаад хэргийн дэд сайд, хатагтайтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн дэд сайд, хатагтай Самаргиул Адамкулова ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадралыг энэ сарын 21-нд Бишкек хотноо хүлээн авч уулзав.

Элчин сайд С.Бадрал Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын мэндчилгээг Киргизийн Гадаад хэргийн сайдад уламжлахыг хүсээд өнгөрсөн 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн тус улсад хийсэн айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа цоо шинэ түвшинд гарч, айлчлалын мөрөөр бодит ажлууд хийгээд байгааг дурдав.

Киргизийн Гадаад хэргийн сайд Э.Б.Абдылдаев өнгөрсөн 11 дүгээр сард Монгол Улсад айлчлах үөэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ойрын жилүүдийн бодлого, чиглэлийг нарийвчлан тодорхойлсон нь чухал ач холбогдолтой болсон бөгөөд ирэх 4 дүгээр сард Улаанбаатарт болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд Киргиз Улс өндөр түвшинд оролцоно гэж хүлээж байгааг С.Бадрал онцлон тэмдэглэв.

Дэд сайд, хатагтай С.Адамкулова Монгол Улс Киргизэд ач холбогдол өгч, хоёр орны харилцааг өргөжүүлэхийн төлөө санаачилга гарган ажиллаж байгаад талархал илэрхийлээд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалаас хойш хоёр орны хооронд төлөөлөгч, туршлага солилцох явдал огцом нэмэгдсэнд олзуурхаж байгаагаа илэрхийллээ.

Хоёр орны хоорондын хамтын ажиллагааг тодорхой, үр дүнтэй ажлаар баяжуулах, тухайлбал Киргизийн залуу дипломатуудад зориулсан богино хугацааны сургалт зохион байгуулах, Монголын хууль тогтоож, хэрэгжүүлж ирсэн туршлага болон Монголын ардчиллын сургамжийн талаар англи, орос хэлээр танилцуулга авах сонирхолтой байгаагаа киргизийн тал мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top