Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэж үг бий. Гэсэн ч өөрийн гэсэн орох оронгүй АН-ынхан 2012 оны УИХ-ын сонгуулийг орон гэргүйгээр угтсан түүхтэй. Үүнийг нь нам доторх шүүмжлэгчид шүүрэн авч “Эхлээд гэрээ засчихаад дараа нь төрөө засья” хэмээн хатуухан үг чулуудаж байсан ч АН-ын дарга Н.Алтанхуяг СТӨ-ний хүзүүвчин дэх нураасан балгасандаа огтхон ч гар хүрэлгүйгээр 2013 онтой золгосон юм.
Гэтэл АН-ын хүзүүвчин дэх шилэн байшингаас хэдхэн алхмын зайд байрлах МАН-ын “Тусгаар тогтнолын ордон” УИХ-ын 2008 оны сонгуулийн дараах үймээн буюу Долдугаар сарын нэгний бослогод өртөж, үнс нурам үлдсэн ч өдгөө гантиг ордон болон зүсээ хувирган “тусгаар тогтнолоо”.
Тус намынхан улсын төсвөөс авсан зургаан тэрбум төгрөг дээрээ нэмэр болох гэж гишүүд дэмжигчдээсээ хандив цуглуулан 11 тэрбум төгрөг болгож үүнийгээ ч “чулуу” болгосон түүхтэй.
Харин АН-ынханы тухайд гишүүд дэмжигчдээсээ мөнгө төгрөг “гуйж” хандивын хайрцаг аялуулсан ч намынхаа өргөөг босгох үйлсэд хэтэвчээ гөвөх нөхдүүд гарын арван хуруунд багтах тоотой байсан төдийгүй хүзүүвч нураасан хэргээр Н.Алтанхуягийгаа барьж идэх шахсан нь олдсон гэдэг.
Уг нь АН-ныхан хүзүүвчээ тордож өнгөлөөд болох байсан ч алдарт долдугаар сарын нэгний гэх хэргийн дараа МАН-ынхан шинэ байр барихаар болсны дараа АН барьцаж байгаа юм шиг хүзүүвчнийхээ суурин дээр “Ардчиллын өргөө” гэх нэртэй 20 давхар байгин барихаар төлөвлөсөн ч өдгөө шинэхэн өргөө ч үгүй, хүзүүвч ч үгүй болж энд тэнд хэсэг бусагаараа хуваагдан амь тээх болсон юм.
Энэ нь хөрөнгө мөнгөний асуудал гэхээсээ илүүтэй инженерийн шугам сүлжээтэй холбоотой гэх мэдээллийг намынхан нь өгч байгаа юм. Тодруулбал СТӨ-ний хүзүүвчин дэх шилэн байраа буулгаж шинэ байрныхаа шавыг тавих гэтэл Төрийн ордны цахилгаан, дулааны эх суурь тэнд байсан бөгөөд ямар нэгэн хөдөлгөөн хийх боломж бага байсан гэх. Тиймээс намын байрны асуудал бүрхэгдэж, “Ардчиллын өргөө”-ны шав тавих асуудал талаар болж Н.Алтанхуяг дарга уйлах ч хэцүү, инээх ч хэцүү байдалд оржээ.
Нэгэнт шилэн хүзүүвчээ нурааж 20 жил амьдарсан байрныхаа голыг тасласнаас хойш хэндээ ч гомдоллах билээ тэгсхийгээд асуудлыг “мартагнажээ”. Харин хэдхэн хоногийн өмнө хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр намынхаа байрыг барих, өөрийн гэсэн орон гэртэй болох асуудал хөндөгдөж нэлээд асуудал болон яригджээ.
Мэдээж мөнөөхөн гишүүд дэмжигчдийн “гар татагнаад” байгаа хөрөнгө мөнгөний асуудлаас эхлээд ярих юм бишгүй байж. Нэлээд ширүүхэн ч хуралдаж. Ингээд хамгийн сүүлд нь “Ардчиллын өргөө”-г барих ажлыг “Эрчимжүүлэх” шийдвэрийг гаргаснаар орох оронгүй, оочих аягагүй хэмээн гомдоллосон нөхдүүдийнхээ амыг барьжээ.
Гэсэн ч хэдэн жил нам гүм, дарагдмал байдалтай байсан “Ардчиллын өргөө”-г барих асуудлыг эрчимжүүлэхтэй зэрэгцээд бас нэгэн асуудал гарч байгаа нь хөрөнгө мөнгөний асуудал. Хэдийгээр АН-д монголын толгой баячуудаас цөөнгүй нь харъяалагддаг ч АН-ын нөхдүүд зөвхөн гишүүдийнхээ мөнгөөр 20 давхар ордноо барьж чадах уу. Аль эвсэл төрийн эрхийг шат шатанд нь атгачихаад байгаа тэд төрийн халаас руу гараа шургуул, төвсийн мөнгөнөөс суйлах төлөвлөгөө боловсруулав уу.
Н.Алтанхүү
Сэтгэгдэл ( 0 )