Үнэн худлын хороонд төө зай бий гэдэг. Харин МАН, МАХН гэх нэрийн хооронд хэдэн төө зай байгааг учир мэдэх хүмүүс харж байгаа биз ээ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж, хэн хаана юу хэлэх вэ хэмээн үг хэлээ хүртэл цэгнэж, хэлээ хүртэл буцааж залгих дээрээ тулаад байгаа энэ үед томчууд тодорч, багачууд бужигнаж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх томчуудын нэр тодрохтой зэрэгцэн, улстөр гэх их уулын бэлээс өөд гарч чадахгүй буцаж гулган намагт шигдээд байгаа нөхдүүд эвсэл хайн бужигнаж байна. Тодруулбал МАХН.
Н.Энхбаяр дарга нь идсэн уусан хэргээр нарснаас гарч чадахаа байсан энэ цагт наранд байгаа хэд нь өөдөө харж чадахгүй нь бололтой. Аз болж хүссэн хүсээгүй ямар ч сонголтгүйгээр эвсэж Шинэчлэлийн Засгийн газарт хэдэн гишүүнээ багтаах болсон нь МАХН-ын хувьд тэнгэрийн умдаг атгасан хэрэг. Даргыг нь барьж хорьчихоод цэргүүдтэй нь эвсэж, Шинэчлэлийн гэх мундаг Засгийн газар байгуулсан Ардчилсан нам шударга ёс, алагчлалгүй, авлига хээл хахуульгүй нийгэм ярьж байгаа.
Тиймдээ ч мөнөөхөн алдарт Н.Энхбаяртаныг барьж, хорьсон нь авлигагүй нийгмийн түүчээ болсон юмдаг уу даа. Түүний араас АН-ын гол өрсөлдөгч болсон ч өдгөө хүч суларсаар байгаа МАН-ын гишүүнчлэлтэй нөхдүүдийг нэг нэгээр нь барьж хорьж байгаа ч нийгэмд цэвэрлэгээ хийж, авлигаас салгах төлөвлөгөө нь Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөрийн эмгэнэлт драмын нэг хэсэг хэмээн харах хүмүүс олон байна.
Өнөөгийн нөхцөл байдал ч яг л ийм дүгнэлтийг хүчээр хийлгэж байгаа. Тодруулбал, АН-ын цэвэрлэгээнд МАН, МАХН-ын гишүүнчлэлтэй нөхдүүд л өртөнө үү гэхээс бус АН-ын угшилтай нөхдүүдийн гэм нь цайж гэдэс нь томорч байгаа.
Тиймээс МАН МАХН хэмээх хоёр намд руу гишүүнээ хувааж хүч тарамдан, сульдаж буй МАН, МАХН хоёр улстөрийн тоглолтын эрх ашгийн төлөө хүч нэгдэн АН-ын эсрэг довтолгоо хийж магадгүй боллоо.
Харин эл нэгдлийг МАХН-ын удирдлага хийгээд, гишүүд нь дэмжиж байгаа бол МАН-ын хууччуул болон лидер гишүүд эрс эсэргүүцэж байгаа юм. Хэзээний хэдэр, ядар ааштай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж л лав МАХН-тай нэгдэхгүй гэдгээ хатуу шорвог үгээрээ илэрхийлчихсэн байгаа. Хүний хорыг малтаж, хатуу үгээрээ идэж суудаг Хууль зүйн экс сайд “ МАХН бол өнөө маргаашгүй ширгэх гэж байгаа шалбааг. МАН бол том урсгал. Том урсгал шалбаагт очиж нийлдэггүй юм” хэмээн эх нэгтэй МАХН-ыг балчиг шавартай зүйрлэж орхисон. Уг нь Ц.Нямдорж гишүүн улстөрийн тогоонд хөл тавьж өдий зэрэгт хүрсэн түүх нь МАХН-тай яалт ч үгүй холбогдоно. Харин У.Хүрэлсүхийн санаачилсан МАХН-аас ч өндөр насыг насласан байж мэдэх МАН нэртэй намтай бол цөөн хэдэн сар нөхөрлөж байгаа. Гэсэн ч анх оргилон гарсан эх ундаргаа эрс үгүйсгэж МАН гэгч том нам юу юугүй ширгэх дөхөж байгаа шалбаагтай нэгэн гольдирлоор урсаж булингартахгүй хэмээн хатуурхаж байна.
Түүний араас хэзээний омголон, шартай хэмээгддэг УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир эсэргүүцлээ илэрхийлэн МАХН-ын мөрөөдлийг няцаав. Тэрбээр “Бид эргээд МАХН-тай нэгдээд Н.Энхбаярыг даргаар тавих гээд байгаа юм уу. Битгий мөрөөдөцгөө. Тийм юм байхгүй” хэмээсэн.
Гэсэн ч хүчтэй олонхи болоод байгаа АН-ын эсрэг бодлогоо хэрэгжүүлэхэд эдгээр угшил нэгтэй ч салаа замаар салсан намын эрх ашгийн үзүүр нэгэн цэгт хүрэх учраас нэгдэхгүй ч хамтарч мэдэх юм. Ялангуяа айсуй ерөнхийлөгчийн сонгуульд эдгээр намууд эвсэн оролцож нэг Ерөнхийлөгчийн төлөө хүч хавсарч мэдэх л нөхдүүд.
Н.Алтанхүү
Сэтгэгдэл ( 0 )