ҮХЦ маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзсан магадлал гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болж Дармаагийн Амарбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргын “Үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Лааганы Цэрэнжавыг “Ажлаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамж нь тус тус Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар иргэн Ш.Раднаасэд, П.Ганзориг нарын ирүүлсэн мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болохын нэг өдрийн өмнө буюу 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дээрх иргэдийн мэдээлэлд дурьдсан Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжууд , мөн дээрх захирамжтай агуулга ижил Дорнод аймгийн Засаг даргаар Д.Цэрэнчимэгийг Засаг даргын ”Үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 11 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон тухай захирамжийг Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.

Иймд Үндсэн хуулийн цэц уг захирамжаар дээрх нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлын шаардлага хангагдаж улмаар Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилсан хэмээн үзэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзсан магадлал гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top