Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн баасан гараг бүрийн өглөө шинэлэг хийгээд бүтээлч санал санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өглөөний цайнд урьж, тэдний санаа бодлыг сонсдог болсон. Өнгөрсөн баасан гарагт “11 11 төв”-өөр дамжуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт саналаа уламжилсан иргэдтэй уулзаж тэдний дэвшүүлсэн хэрэгжүүлэх боломжтой тодорхой асуудлуудаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн юм.
Тэгвэл энэ долоо хоногийн баасан гарагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэн таныг цахим уулзалтанд урьж байна. Ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг жижиг гэлтгүй шийдвэрлэх оновчтой гарц, шинэ санаа оноо хэлэх, даруй хэрэгжүүлэн үр дүнд хүрэх боломжтой арга зам эрэлхийлсэн саналуудаа цахим уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүнд дуулгах боломжтой. Иргэн та 2013 оны 3 дугаар сарын 1-ний баасан гарагийн өглөө 08:20 -10.00 цагт www.zasag.mn сайтруу орж тусгай цонхонд нэвтэрсэнээр мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттер гээд цахим ертөнцийн аль ч сувгаар холбогдон Ерөнхий сайдтай санал бодлоо хуваалцах боломжтой.
Мөн МҮОНР-гийн орон нутагт цацалттай суваг болон нийслэлийн сонсогчдод эфирээ цацдаг богино долгионы ФМ радиогоор цахим уулзалтыг шууд дамжуулж, таны дэвшүүлсэн санал санаачилгыг олон нийтэд хүргэх юм. Дарга ярьж иргэд сонсдог биш иргэд ярьж дарга сонсдог болгохоор олон нийтийн оролцоог дэмжин ажиллаж буй Шинэчлэлийн Засгийн газар санал бүрийг анхааран судалж, үр дүнд хүрэх боломжтойг нь ажил хэрэг болгодог.
Олон нийтийн үзэл бодолд тулгуурласан оновчтой зөв шийдэл гарган хэрэгжүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын үндсэн зарчим. Тиймээс төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй болгох тогтолцоог бүрдүүлж, элдэв хардалт дагуулахгүйгээр ил тод нээлттэй байлгахад чиглэсэн гээд өөрийн саналаа Иргэн та Шинэчлэлийн Засгийн газарт ирүүлээрэй гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
I hate my life but at least this makes it beablrae.