МАН-ын Шинэчлэлийн хорооноос сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр намын XXVII дугаар хурлыг хуралдуулах шаардлага тавьж байгаагаа илэрхийлэв. Шинэчлэлийн хорооныхны үзэж буйгаар Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотойгоор намын их хурлыг хойшлуулсан нь улс төрийн хариуцлага хүлээх хэмжээний том шийдвэр гэнэ.
Уг нь намын их хурлыг хуралдуулах шийдвэрийг бага хурлаар гаргах ёстой байдаг аж. Гэтэл МАН-ын УЗ-ийн гишүүд бага хурлын гишүүдийнхээ эрхэнд халдаж, их хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан тул хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буйгаа Шинэчлэлийн хорооны гишүүд илэрхийлсэн юм.
Түүнчлэн “Хэрэв МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл маргааш нь УЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” хэмээн МАН-ын Шинэчлэлийн хорооны зохицуулагч Т.Сайнжаргал онцоллоо.
Үүний зэрэгцээ намын их хурлыг хүлээсэн олон мянган гишүүн, дэмжигчийн хүлээлт талаар болсон гэдгийг дурдаад, эдгээр гишүүдийнхээ үгийг сонсох хэлэлцүүлгийг энэ сарын 5, 6-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулахаар болсноо дуулгав.
Мөн МАН Шинэчлэлийн хорооныхон 1990 оноос хойш МАН-ын удирдах албан тушаалыг хашиж ирсэн 21 хүний нэрийн жагсаалтыг гаргажээ. Тэд өнгөрсөн хугацаанд намын алдаа дутагдалтай хамт байсан эдгээр хүмүүсийг зайлуулах хэрэгтэй гэж үзэж буйгаа ч хэлсэн. Цаг нь болохоор 21 хүний нэрийн жагсаалтыг гаргаж тавина гэдгээ ч дурдав.
Сэтгэгдэл ( 0 )