Айдаггүй Л.Амгалан даргын АНУ руу зугатаасан шалтгаан нь юу байв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Амгалан  Америк руу зугатсан гэх мэдээлэл сүүлийн хэдэн өдөр хэвлэлүүдийн нүүрийг “чимэв”. Тус дүүргийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш л элдэв янзын идсэн уусан хэрэгт нэр холбогдож байсан төдийгүй АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ /ХОМ/ зарим хөрөнгөө мэдүүлэлгүй нуун дарагдуулсан гэх мэтээр түүний талаар “но”-той асуудлууд хөвөрч байсан ч хүүхэд шиг гэнэн гэнэн зүйл ярьж байгаад “амь аврагдаж” байсныг уншигчид санаж буй биз ээ.

Тэр жил, тодруулбал 2009 онд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлснээс гадна төсвийн мөнгийг хувьдаа шамшигдуулсан гэх үндэслэлээр  АТГ-т шалгагдаж албан тушаалаас нь огцруулах асуудал яригдаж байсан билээ. Тухайн үед “Дэлгэрэх” ХХК, байгууллагаас нь буцалтгүй тусламж болгож өгсөн 10 сая төгрөг, хадгаламжийн орлогоо нуусан нь илэрч суудал нь ганхаж эхэлсэн юм. Харин азаар хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн албан тушаалтнуудад УИХ-ын чуулганаар үг хэлэх боломж олгосон. Өөрөөр хэлбэл хөрөнгө орлогоо яагаад нууснаа үнэнээр нь өчих даалгавар авсан хэрэг.

Гэтэл Л.Амгалан дарга “Баянгол дүүргийн долдугаар хороонд орон сууц бий. Түүнийг ХОМ-ийн “барилга байгууламж” гэсэн хэсэгт бичих ёстой байсныг мэдэлгүй үлдээсэн. Үүнд орон сууц биш үйлчилгээний том объектыг л бичнэ гэж ойлгосон. Төрийн албанд ормогцоо “Дэлгэрэх” ХХК-ийг дүүдээ шилжүүлсэн юм. Би өөрөөр үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Бас ногдол ашиг хүртдэггүй. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд миний нэрээр байдаг юм байна лээ. Үүнийг мэдээгүй. Буцалтгүй тусламжаар олгосон мөнгийг тухайн үед хэрэглээд дууссан болохоор бичээгүй. Хадгаламжийн тухайд Нийслэлийн өмчийн харилцааны газар байхдаа “Голомт” банкны хадгаламжийн дэвтрээр цалингаа авдаг байсан. Тэр үед карт гэж байгаагүй болохоор дэвтэрт хэдэн төгрөг үлдсэнийг шалгаагүй. Асуудал үүсэхээр үзтэл 40000 мянган төгрөг үлдсэн нь 147.000 төгрөг болж өссөн байсан. Санамсаргүй, хайхрамжгүйгээсээ болж ХОМ-т эдгээрийг бичээгүй болохоос нуух санаа байгаагүй” гэнэн царайлсныхаа хүчинд суудалдаа үлдсэн. Гэхдээ УИХ-ын гишүүд  Л.Амгалангийн эл жүжигт итгэсэндээ авч үлдсэн бус намынхан нь олонхийн хүчээр л авч үлдсэн түүхтэй.

Харин сая АНУ руу зугатаахад хүргэсэн асуудал нь Баянгол дүүрэгт сургууль болон цэцэрлэгийн харъяалалд байдаг 100 орчим га газрыг зарсан гэх бөгөөд дүүргийн Тамгын газрын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөх нэрээр халхавч хийн 5 сая төгрөгийг төсвийн мөнгөнөөс олгож, түүнээс саяыг нь намдаа хандив болгон авч байгаа нэрийдлээр хувьдаа  завшсан гэх асуудал.
Мөн Засаг даргаар ажиллаж байхдаа жилд 8-10 удаа төсвийн мөнгөөр гадаад руу явж  байсан нь ч илэрчээ.Тиймээс тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид  хууль хяналтын байгууллагуудад мэдэгдэж  шалгуулахаар зэхэж байсан ч үүнийг нь гадарласан Л.Амгалан АНУ-руу зугатаж амжжээ.

Гэхдээ түүний эрт эдүгээгийн гаргасан “алдааг” жагсаавал урт дараалал гарч ирнэ. Адгийн наад зах нь Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдоод удаагүй байхдаа Тамгын газрын 15 хүнийг хууль бусаар ажлаас нь халсан байдаг.

Тамгын газрын ажилтнуудыг хоморголон халах болсон гол шалтгаан нь түүнийг Засаг дарга болох үеэр дэмжээгүй ба өмнөх Засаг дарга П.Цогтбаатарын талын хүмүүс гэх. Л.Амгалан нь 2004-2008 онд Баянгол дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Засаг дарга байсан П.Цогтбаатарыг хулхидаж суудлыг нь эзэлсэн гэдэг.

 Уг нь П.Цогтбаатар даргын хажуу хавирганаас нь салахгүй дагаж, халаасны хүн нь болж байсан Л.Амгалан нэг л өдөр урваж дүүргийн Засаг дарга болж, түүнийг зайлуулахын тулд ДИТХ-ын төлөөлөгч нартайгаа толгой дараалан уулзаж албан тушаал, мөнгө төгрөг гээд л хүссэн бүхнийг нь биелүүлэх санал тавьсан нь ёстой л хүсэл биелүүлэгч “бирд”шиг л аашилж байсан гэдэг.

Түүнийг хороолол дахь “Чилигүн” нэртэй зочид буудалд дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчидтэйгээ уулзсан гэх мэдээлэл тухайн үед хэвлэлүүдээр цацагдаж байсан юм. Тэр ч бүү хэл VIP өрөөнд үнэтэй архи задалчихсан “Та нар юу хүсч байна. Албан тушаал уу. Мөнгө үү. Хэлтсийн дарга болмоор байна уу. Улсын үйлдвэрийн газрын дарга болмоор байна уу” гээд сууж байсныг нь хүртэл бичиж байсан юмдаг.

Ийн “хор найруулахдаа”  дүүргийн төлөөлөгч нарт ил цагаандаа гарсан санал тавьсан нь өөрийг нь дэмжин Засаг дарга болгох. Харин үүнийх нь хариуд дээр дурьдсанчлан аль нэгэн алба, хэлтэс, үйлдвэрийн даргын суудлын аль нэгийг сонгох ёстой. Бас дээрээс нь Төлөөлөгч нарт 5 сая төгрөгийг бэлнээр гарт нь өгч байж өөртөө гap өргүүлж дэмжүүлсэн гэж байсан юм. Арын хаалга, авлига гэгч “хүчтэй” байдгийн жишээг харуулан босч ирсэн Л.Амгалан даргын асуудал үүгээр дуусахгүй.

Л.Амгалан дарга гурав дахь гэр бүлээ зохиож тус дүүргийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга З-той хамтран амьдарч байгаа гэх мэдээлэл гарсан ч үүний дараа ИТХ-ын төлөөлөгч, Н-тэй дотно харилцаатай гэх мэдээлэл бас л гарсан юм. Үүнийг бичиж байгаагийн учир нь Л.Амгалан дарга шинэхэн амрагтайгаа АНУ, Вьетнамаар хамт төсвийн мөнгөөр зугаалсан асуудал юм.

Ийнхүү арын хаалга, хөрөнгө мөнгөний асуудалд байнга орооцолдож явсан Л.Амгалан даргын ажлыг аваад cap хүрэхгүй хугацааны дотор төсвийн мөнгөнөөс 103 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсаныг ИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдаш хаацайлаад өнгөрсөн гэдэг.

Бас дүүргийн бүх төсвийн байгууллагын ажилтан албан хаагч нарын нэг өдрийн цалин, аж ахуйн нэгж албан байгууллага компаниудаас хандив гэж цуглуулсан 140 сая төгрөгийг өөрийн найз дүүргийн газрын албаны дарга Ганчимэгийн хувийн нэрийн дансанд байршуулсан төдийгүй уг мөнгөний зарцуулалт тодорхой бус байсаар эцэст нь сураггүй  болжээ. Энэ асуудал мөн л хэвлэлээр цацагдаж байсан ч тэгсхийгээд замхран чимээгүй болсон гээд Л.Амгалан даргын “но”-той, “ноц”-той үйлдлүүд даравч дардайж, булавч бултайхын үлгэрээр ийнхүү асуудал болж, АНУ руу зугатаахад хүргэлээ. Харин унтаа байдлаасаа салж, асуудлыг амар хялбар шийдэж чаддаг болсон АТГ болон цагдаагийнхан түүнийг хэрхэх бол.


Н.Алтанхүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top