Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

 “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” 2009 оны долдугаар сард УИХ-аар батлагдан гарсан.

Хуулиар хориглосон талбайн хилийн заагийн цэгийн солбицлыг 2011, 2012 онуудад Засгийн газрын тогтоолоор батлуулсаныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дүрс зургийн мэдээллийн санд бүртгэх, цэг солбицлын тохируулга хийх техник ажиллагааг БОНХЯ-тай хамтран гүйцэтгэж байгааг Уул уурхайн яамнаас дуулгалаа.

Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хориглосон талбайд хамаарах 242 алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 163 дээр нь буюу 138 аж ахуйн нэгжээс нийт 222 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгөн дүнг хөндлөнгийн аудитаар хянуулах шаардлага гарсан. Энэ тогтоолд нийт 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл хамрагдсанаас нөхөх олговор нэхэмжлээгүй 59 тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу цуцалсан. Нөхөх олговор нэхэмжлээгүй 9 тусгай зөвшөөрөл шүүхийн маргаантай байгаа учир цуцлах шийдвэр хараахан гараагүй байна. Уг тогтоолд хамрагдсан тусгай зөвшөөрлөөс 13-н тусгай зөвшөөрөлтэй холбоотой тайлбар, хүсэлт аж ахуйн нэгжээс ирснийг судлан нягталж байна.

Хуулийг хэрэгжүүлэх явцад цаг хугацаа шаардсан техник ажиллагаа их байгаа болон дахин нягтлах, хэрхэн шийдвэрлэх зэрэг ээдрээ төвөгтэй асуудлууд байгааг Засгийн газарт 2 дугаар сарын 23-ны өдөр танилцуулж яамд хоорондын хамтарсан Ажлын хэсэг Монгол улсын Ерөнхий сайдын Захирамжаар байгуулахаар шийдвэрлээд байгаа аж.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УУЯ, БОНХЯ, СЯ, ХЗЯ, БХБЯ, ЗГХЭГ, МХЕГ Монгол банкны төлөөлөл оролцох юм байна.

Ажлын хэсэг Засгийн газраас өмнө гаргасан тогтоол, шийдвэрүүдийг эргэн харж цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хуулийг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжүүдээс нэхэмжлээд байгаа нөхөх олговрыг судалж дүгнэлт гаргах, хөндлөнгийн аудитын зардлын эх үүсвэрийг шийдвэрлүүлэх саналыг боловсруулах чиглэлтэй удирдамж, төлөвлөгөө гарган ажиллаж үр дүнг энэ оны 5 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top