Элчин сайд Р.Болд Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд Шинэ Зеланд Улсын Амбан Захирагч Эрхэмсэг ноён Жерри Метапараид энэ сарын 27-ны өдөр Итгэмжлэх Жуух Бичгээ барив.

ИЖБ-ээ барих үеэр Элчин сайд Р.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Амбан захирагчид уламжлан, Элчин сайдын хувьд хөдөө аж ахуй, боловсрол, соёл, жирийн иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд шинийг эрэлхийлж Шинэ Зеландын Засгийн газартай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэйгээ илэрхийлэв.

Амбан Захирагч Ж.Матепараи 2011 онд Шинэ Зеланд Улсад айлчилсан Монголын Хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчид хоёр орны хөдөө аж ахуйн салбарын харилцааг эхлүүлэхэд түлхэц болсныг тэмдэглээд,  Шинэ Зеланд Улсын Засгийн газраас манай улсын төрийн албан хаагчдыг англи хэлний сургалтанд хамруулж буй хөтөлбөр үр дүнтэй байгааг онцлон 2008 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Шинэ Зеланд Улсын Амбан захирагчийн айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан гэж хэлэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны сонгуульд нэр дэвшиж буй Шинэ Зеланд Улсыг Монгол Улс дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд М,Маккали, Парламентын Орлогч спикер Л.Тиш, Парламентын Гадаад хэрэг, Худалдаа, Батлан хамгаалахын асуудлын Байнгын хорооны дарга Ж.Хаейс Веллингтон хотын захирагч Селиа Уэйд-Браун нар Элчин сайд Р.Болдыг хүлээн авч уулзав. Мөн Элчин сайд Р.Болд хоёр талын харилцааны асуудлаар Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Орлогч нарийн бичгийн дарга хатагтай А.Смит, Шинэ Зеландын Олон улсын Харилцааны Хүрээлэнгийн захирал П. Кеннеди болон албаны бусад хүмүүстэй уулзан санал солилцжээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top