Зэвсэгт хүчний ангиудтай танилцжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон өнөөдөр /2013.02.28/ тус байнгын хорооноос 2012 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо 16 удаа хуралдаж давхардсан тоогоор 36 хуулийн төсөл, УИХ-ын бусад шийдвэрийн 10 төсөл, 1 мэдээлэл, 1 төлөвлөгөө нийт 48 асуудал хэлэлцсэн байна. Түүнчлэн олон улсын гэрээ хэлэлцээр, дипломат харилцаа тогтоох тухай, гадаад улсад суух элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах зэрэг 6 асуудлыг Байнгын хороо, чуулганаар зөвшилцөн шийдвэрийг Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлжээ.

Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгүүд нийт 8 удаа, 12.00 цаг хуралдсан байна.

2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлсэн асуудлын заримаас дурдвал ”Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, ”Авлигын эсрэг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төслүүд багтаж байгаа юм.

Мөн Байнгын хороогоор Монгол Улсаас Ямайка Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Азийн авто зам, Транс Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай, Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төсөл нэмэлт санхүүжилт-5 төслийн зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцжээ.

Байнгын хорооны гишүүд 2012 оны 9 сард Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцан 2011 онд Улсын Их хурлын тогтоолоор баталсан “Гадаад бодлогын үзэл баримтлал”-ын хэрэгжилтийн явц байдалтай танилцан Байнгын хорооны гишүүд цаашид авах арга хэмжээний талаар санал гаргаж, зарим асуудлыг УИХ, Байнгын хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлэх үүрэг өгч ажилласан байна.

Түүнчлэн Байнгын хорооны дарга Ц.Цолмон, гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр, О.Баасанхүү нар БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаатай танилцан, Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлого, зорилтуудтай танилцсан хэмээн мэдээллээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд 2012 оны 12 дугаар сард Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб болон Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар анги, 322 дугаар ангийн салбар, Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Хялганат дахь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан Зэвсэгт хүчний анги, салбаруудад тулгамдаж байгаа асуудлуудын талаар харилцан санал солилцсон ажээ.

Байнгын хорооноос Гадаад харилцааны яамтай хамтран 2012 оны 11 дүгээр сард “Гадаад харилцааны эрх зүйн байдал, цаашид боловсронгүй болгох нь” хэлэлцүүлэг зохион байгуулж нийт 5 илтгэл хэлэлцүүлснээс гадна Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран “Хүнсний тэжээлийн чанар, био аюулгүй байдал” хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top