НҮБ-ын Тусгай илтгэгчийг эх орондоо хүлээн авахад бэлэн гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

Сайд Л.Болд НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллай-тай уулзжээ. Тэрээр Монгол Улсын гадаад бодлогын суурь зарчмын нэг бол ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад  чиглэсэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох явдал мөн болохыг нотлоод 2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг сахин хамгаалах үйлсэд бодитой хувь нэмэр оруулахаар тодорхой зорилтууд дэвшүүлж байгаагаа мэдэгдэв.

 Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд цаазаар авах ялыг хориглон, улмаар Монгол Улсын Их Хурал өнгөрсөн онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколыг соёрхон батлаад байгаа бөгөөд Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний илтгэлтэй холбогдуулан гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг сайд Л.Болд дурдав. Түүнчлэн өнгөрсөн онд Ядуурал ба хүний эрхийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч, Хүний эрх ба бизнесийн асуудлаарх ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан бол энэ оны 6 дугаар сард Хүний эрхийг хамгаалагчдын асуудлаарх Тусгай илтгэгчийг эх орондоо хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов. 

 Монгол Улс 2011–2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргаар ажиллах хугацаанд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газраас дэмжлэг үзүүлж ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

 НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллай Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарч, ардчиллыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар  бүс нутгийн улс орнуудад үлгэр жишээ үзүүлж байгаад баяр хүргээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох үйл ажиллагаанд амжилт хүсэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top