МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа орохгүй бусадтай эвсэж орно гэдгээ мэдэгдлээ. Хоёр нам эвслээ гэхэд дундаасаа нэг л хүнийг гаргана. Ямар ч байсан тус нам дотроо Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан, Д.Удвал гэсэн дөрвөн хүнээс шалгаруулалт хийж, нэр дэвшүүлэх гэнэ. Нөгөө талд тус намтай эвсэж орох нам бас нэжгээд хүмүүс дотроосоо ингээд шилж сонгоод хүнээ гаргаад ирэх нь ойлгомжтой.
Тэгэхээр хоёр нам эвслээ гэхэд хэнийгээ дэвшүүлэх вэ гэдэг дээр тохироо явагдана. МАХН-тай нэгдэх магадлал өндөртэй нь МАН боловч, сонгууль дөхөөд ирэхээр МАХН-ынхан гэдийх маягтай болоод ирж байна. Ер нь МАХН-ынхан МАН-тай эвсэхээ болиод АН-тай ч эвсэж болох тухай бор шувуу нисэх болов.
УИХ-ын дэд дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ “...Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох бусад намуудтай хэрхэн харьцах вэ гэдгийг ярилцсан. Энэ хүрээнд МАН-ын тавьсан саналыг хэлэлцсэн. Хүн бүр өөрийнхөө бодлыг илэрхийлсэн. Өнөө маргаашийн хувьд, хүмүүсийн буруу ойлгоод байгаа шиг нэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Нэгдэх, нийлэх гэсэн хоёр өөр хууль зүйн ойлголт бий. Хоёр нам нэгдэнэ гэвэл аль аль нь татан буугдаад, нэг субьект шинээр гарна гэсэн үг. Ийм зүйл мэдээж байж болохгүй. Харин хамтрах тухай асуудал байж болно. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний язгуур эрх ашигт хамааралтай асуудлаар хамтарч болно гэсэн үг. Үүний нэг хэлбэр нь магадгүй ерөнхийлөгчийн сонгуульд явж явж нэг нэр дэвшигчийг тодруулж магад. Ийм л зүйл яригдсан болохоос биш нэгдэнэ нийлнэ гэж яриагүй. Бидэнд нэг л болзол бий. Бид шударга ёсыг үгүйлэн, шударга бусыг үл тэвчин МАНАН гэсэн бүлэглэлийн эсрэг явсан учраас манан тогтолцоонд буй ёс суртахуунгүй, хууль бус өмч хөрөнгийн хэрэгт хутгалдсан, нийгэмд нэр төргүй болсон тийм эрх мэдэлтнүүдтэй хамтрахгүй гэх байр сууриндаа хатуу байгаа. Хэрвээ МАН толгойн дээрээ байсан олигархуудыг цэвэрлэж чадах юм бол яриа ойртох байх. Үүнийгээ ч бидэнд олонтаа ярьсан. Гэхдээ жирийн гишүүд бид угшил гарал нэгтэй гэдгээ сайн ойлгож байх хэрэгтэй” гэсэн зүйлийг ярьсан байна.
Тэгэхээр сонгууль хүртэлх гурван сарын хугацаанд МАН толгой дээрээ байсан олигархиудыг цэвэрлэж чадаж гэмээнэ МАХН-тай эвсэж, дундаасаа нэг хүнийг нэр дэвшүүлэх боломж олдох янзтай. Тэрчлэн МАН-ын Шинэчлэлийн хорооны нөхдүүд 1990 оноос хойш МАН-ын удирдах албан тушаалыг хашиж ирсэн, намын алдаа дутагдалтай хамт байсан 21 хүний нэрийн жагсаалтыг гаргачихаад, эдгээр хүмүүсийг зайлуулах хэрэгтэй гэх зүйлийг ярьж байгаа нь нэг талаас МАХН-ын эрх ашигтай ч нийцэж харагдаад байна. Мөн тус хорооны нөхөд хэлэхдээ “Хэрэв МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл маргааш нь УЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” гэсэн. Ер нь бол МАХН өөрт байгаа боломжоо чулуу болгох гарцыг тодорхойлох гэж байна.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 0 )