Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас яам, агентлагийн сар бүрийн ажлыг дүгнэн үүрэг чиглэл өгдөг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи зургаан сарын хугацаанд гарсан Засгийн газрын 276 тогтоол, Ерөнхий сайдын 141 захирамжийн биелэлт 80 гаруй хувьтай байгааг мэдээллээ. Засгийн газрын энэ оны 9 дүгээр тогтоолоор жилд хоёр сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийг Дархан-Уул аймагт 2015 онд багтаан барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран сайн ажиллаж байгааг Ерөнхий сайд дурьдлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалж босгосон 1.5 тэрбум ам.долларын бондын хөрөнгөөр эхний ээлжинд Шинэ төмөр зам төслийг эхлүүлэх, зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих, Улаанбаатар хотын автозам, хурдны замын ажлыг санхүүжүүлэн хийхийг Бодлогын зөвлөл дэмжсэн, маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэлээ. Түүнчлэн, гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг нь тогтворжуулах хөтөлбөрийг Уул уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монгол банк хамтран сайн хэрэгжүүлсний дүнд өндөр өсөх хандлагатай байсан бензин шатахуун, хүнсний барааны үнэ хадгалагдаж чадсан. Тогтмол өсч байгаа эрчим хүчний хэрэглээг хангах дулааны V цахилгаан станц, Амгалан дулааны станц барих асуудлууд ч богино хугацаанд шийдвэрлэгдсэн, цаашид яамд идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэйг дурьдав. Ялангуяа, энэ жил хариуцлага алдсан хагас коксын үйлдвэрийн ажлыг товлосон хугацаандаа дуусгаж, ирэх өвлийн халаалтын улиралд ямар нэг саадгүй байлгахыг өвөл дөнгөж дуусч буй энэ үед, бүтэн долоон сарын өмнө анхааруулж байна гэлээ.
Анхаарах шаардлагатай ажлуудын эхэнд боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын санал боловсруулан 2012 оны IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг ҮХААЯ, ЭЗХЯ-нд даалгасан 118 дугаар тогтоолын хэрэгжилтийг нэрлэлээ. Энэ тогтоолоор тэргүүн ээлжинд дэмжин хөгжүүлэх болон шинээр байгуулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх үйлдвэрүүд, тэдгээрийн байршлын талаар санал боловсруулахыг даалгасан ч одоогоор зөвхөн жагсаалт гаргах, эрх зүйн орчныг судлах хэмжээнд байгааг Ерөнхий сайд шүүмжлэв.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэсэн гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай уялдуулах, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгтгэх талаар Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдад даалгасан Засгийн газрын 141 дүгээр тогтоолын хэрэгжилт мөн л сул, дөнгөж санал боловсруулах хэмжээнд байгааг түргэвчлэхийг үүрэг болгосон юм. Хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах цогц бодлогын хүрээнд “Малчдын хоршоог хөгжүүлэх мастер төлөвлөгөө” боловсруулж 2013 оны I улиралд Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуй, Хөдөлмөр, Эдийн засгийн хөгжлийн сайдуудад даалгасан энэ оны 8 дугаар тогтоолын хэрэгжилт ажлын хэсэг байгуулах хэмжээнд байгааг анхаарууллаа.
Цахим хурлын төгсгөлд Ерөнхий сайд өмнөх хурлаар хөндсөн төрийн албан хаагчдын хариуцлагын асуудлыг дахин ярихаас аргагүй байгааг хэлж, зарим жишээ баримтыг лавшруулан тайлбарлав. Төрийн албаны нэрээр хувьдаа их хэмжээний хөрөнгө завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан жишээ баримтыг өмнөх хурлаар нээлттэй болгон мэдээлсэн ч үүний мөрөөр яамдын зүгээс авсан арга хэмжээ хангалтгүй байна гэж Засгийн газрын тэргүүн шүүмжлэв. Иймд тэдний завшсан хөрөнгийг нөхөн төлүүлж улсын төсвийг хохиролгүй болгох, түүнчлэн албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг ажлаас нь халах, эргэж төрийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хасах зэрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг холбогдох сайдуудад даалгалаа. Тухайлбал, Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнууд буцалтгүй болон эргэн төлөгдөх нөхцөлөөр хувьдаа завшсан нийт хоёр тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх, гомдол гаргаж маргаан үүсгээд байгаа зарим албан тушаалтны асуудлыг шийдвэрлэх зэргийг онцлон даалгалаа. Одоо ажиллаж буй төрийн албан хаагчид аль ч шатандаа ийм хариуцлагагүй байдал, ялзрал завхрал гаргахгүй ажиллахыг захиж, Шинэчлэлийн Засгийн газар ямар ч тохиолдолд үүнтэй эвлэрэхгүйг дахин санууллаа.
Харин Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг шинээр гарсан хуулиудын хэрэгжилттэй холбогдуулан журам боловсруулан гаргах ажлаа түргэвчлэхийг яам, агентлагийн удирдлагуудад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )