Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд болон түүний урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Данийн Вант Улсын Парламентын дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофт нар Төрийн ордонд сэтгүүлчдэд хандан, хэвлэлийн бага хурал хийлээ.
УИХ-ын дарга З.Энхболд, ноён Могенс Ликкетофтын албан ёсны айлчлал амжилттай болж буйг дурдаад, Данийн Вант Улсын Парламентын тэргүүний уг айлчлал 16 жилийн дараа, хоёр дахь удаагаа болж байна гэдгийг тэмдэглэн хэлэв. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд энэхүү албан ёсны айлчлал тохиож байгаа нь онцлог юм гэлээ.
Түүнчлэн Данийн Парламентын даргыг дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус вант улсын Парламентын тэргүүлэгчид багтан орж, манай оронд хүрэлцэн ирсэн явдал нь Данийн тал уг айлчлалд анхаарал хандуулж, өндөр ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд тэмдэглэв.
Дөнгөж сая хийсэн хоёр талын уулзалтаар Монгол, Дани улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөөд зогсохгүй, олон улсын зарим асуудалд анхаарал хандуулсан болохыг УИХ-ын дарга хэлээд, уулзалтын явцад хоёр тал эрчим хүч, соёл, боловсрол, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахыг чухалчилсан тухайгаа онцоллоо. Тэрээр энэхүү айлчлал хоёр улсын Парламент хоорондын харилцаанд мөн чухал нөлөөтэй болохыг тэмдэглэж байв.
Данийн Вант Улсын Парламентын дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофт УИХ-ын дарга З.Энхболдод хандан, эх орондоо халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлэхийн ялдамд бидний харилцан, хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн суурь бат бөх тавигдсаныг хэлэхэд таатай байна гэсэн юм.
Ноён Могенс Ликкетофт, Дани болон Монгол Улсын хооронд олон жилийн найрсаг уламжлалт харилцаа бий гэдгийг тэмдэглэхийн сацуу нийгэм, эдийн засгийн салбарын хүрээнд түүний дотор хоёр тал хөдөө аж ахуйн салбарт хамтрах асуудалд санал нэг байгааг онцолж байлаа.
Түүнчлэн Парламент хоорондын, Засгийн газар, цаашилбал хүмүүс хоорондын гэхчлэн найрамдалт харилцаа холбоо, хэлхээ олон жилийн туршид үргэлжлэн хөгжиж байдагт сэтгэл хангалуун буйгаа ноён Могенс Ликкетофт илэрхийлсэн.
2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дани улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр талын хамтын ажиллагаа, харилцааг урагшлуулахад чухал түлхэц болсон гэдгийг тэрээр дурдаж байлаа.
Олон улсын хамтын үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, түүний дотор энхийг сахиулах үйл явцад гүйцэтгэж байгаа үүрэг, хариуцлагад Данийн Вант улсын зүгээс талархалтай хандаж, энэхүү хүчин чармайлтыг үнэлж байдаг гэдгийг ноён Могенс Ликкетофт цохон тэмдэглэсэн юм.
Тэрээр, хоёр талын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны ирээдүй улам тод байгааг мөн илэрхийлж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )