Оношилгооны төв барилгын хэрэгцээ байхгүй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Аймгийн төв бүрийг хот болгох  Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэсэн оношилгооны төв байгуулах гэж буй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ асуудлаар аймгийн удирдлагууд, нэгдсэн эмнэлгийн дарга нартай өнөөдөр цахим уулзалт хийж зарим зүйлийг нарийвчлан тодрууллаа. Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Завхан аймагт оношилгооны төвийн шинэ барилга барих шаардлагатай, бусад аймгийн хувьд ийм хэрэгцээ байхгүй байгаа гэж орон нутгийн удирдлагууд хурлын үеэр мэдэгдлээ.

Оношилгооны төвүүдэд нэн тэргүүнд шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар өмнөх цахим хурлуудаар тодруулж байсан бөгөөд энэ хүрээнд 7 төрлийн багц бүхий тоног төхөөрөмжийг худалдан авч, байрлуулахаар төлөвлөсөн байна. Хамгийн үнэтэйд тооцогдож байгаа компьютер томографын нэг аппаратны үнэ 900 сая төгрөг бөгөөд Говь-Алтай, Увс, Дорноговь, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар аймагт авахад нийт 5,4 тэрбум төгрөг болж байна. Ходоод, бүдүүн гэдэс, уушиг, урологийн дурангийн иж бүрдэл нийтдээ 700 сая төгрөг. 120 сая төгрөгийн өртөгтэй дижитал ЭХО аппаратыг бүх аймгийн оношилгооны төвд авах юм байна. Тиймээс ийм тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэд ашиглаж чадах мэргэжилтэн чухал бөгөөд аймгийн удирдлагууд боловсон хүчин бэлэн байгаа гэлээ.

Нүд, чих, хамар хоолой, шүдний оношилгооны болон лабораторийн багц тоног төхөөрөмж аль аймагт нэн тэргүүнд шаардлагатай байгааг Ерөнхий сайд тодруулаад энэ асуудлаар Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай холбогдож, саналаа өгөхийг анхаарууллаа. Энэ хавраас эхэлж, ирэх 2015 онд багтаан бүх аймагт иж бүрэн тоног төхөөрөмж бүхий оношилгооны нэгдсэн төв бий болгоно. Ингэснээр урт зам туулж Улаанбаатарт ирдэг нүүдэл багасана гэдгийг Ерөнхий сайд аймгийн удирдлагуудад онцлон анхаарууллаа. Мөн техник тоног төхөөрөмжөө үр ашигтай ажиллуулах шаардлагатайг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлж байлаа.

Өмнөх жилүүдэд эрүүл мэндийн салбарын шинэчлэл нэрийн дор олон аймагт олон төрлийн тоног төхөөрөмж авсан ч зарим нь үхмэл хөрөнгө болж агуулахад хадгалагдаж байгаа тохиолдол бий. Энэ удаад ийм эрсдэл гаргахгүйн үүднээс хамгийн орчин үеийн, хамгийн гол нь нэг улсын, нэг төрлийн, нэг брэндийн тоног төхөөрөмж авахаар төлөвлөсөн гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудад дуулгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top