Ноён Могенс Ликкетофт “Оюу толгой”-гоос туршлага судлаад буцжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн Данийн Вант Улсын Фолькетингийн дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофтын айлчлал өндөрлөлөө. Төлөөлөгчид манай улсад энэ сарын 2-ноос 6-ны өдрүүдэд айлчилсан юм. Тэд өнөө өглөө 08 цаг 15 минутад эх орон руугаа буцлаа.

Ноён Могенс Ликкетофт тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Данийн парламентын дэд дарга Р.Бурмаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар,  УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны  хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас үдэж өгөв.

Зочид айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нартай уулзаж,  цаашид уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дулааны шугам сүлжээ, хөдөө аж ахуйн чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон тухай УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ер нь бол уулзалтынхаа талаар УИХ-ын дарга З.Энхболд болон Данийн Вант Улсын Парламентын дарга ноён Могенс Ликкетофт нар Төрийн ордноо сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн ноён Могенс Ликкетофт Нийслэлийн Налайх дүүрэгт зочилж, Данийн Вант Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Данида”-ын санхүүжилт, Дани-Монголын нийгэмлэг, Монгол-Данийн нийгэмлэгийн тусламжтай хэрэгжиж буй “Нийгмийн түншлэлийн сүлжээ” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.

Мөн Данийн Вант Улсын Фолькетингийн дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофт айлчлалынхаа гурав дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжиж буй “Оюу толгой” төслийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад буцжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top