Аймгийн удирдлагууд иргэдээ сонсож эхэлсэн гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Аймгийн удирдлагууд шинэ ажил гэдгийг сайн ойлгохгүй байна. Иргэдээ сонсож, тэдний санал хүсэлтийг авч ажил хэрэг болгоход чиглэсэн ажлууд түлхүү хийх учиртай гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай хийсэн цахим хурлын эхэнд хэллээ. Сар бүр хийдэг уламжлалт хурал өнөөдөр 7 дахь удаагаа болж орон нутагт хийж эхлүүлсэн шинэ ажил болоод анхаарах зарим асуудлын талаар Ерөнхий сайд ярилаа.

Архангайд иргэний танхим ажиллуулж эхэлжээ. Булган аймаг ногоон хөгжлийг гол зорилтоо болгосон нь сайшаалтай ч энэ хүрээнд ямар ажил хийхээ тодорхойлох нь зөв гэлээ. Өмнөговь аймаг иргэдийн санал хүсэлтийг авдаг утас ажиллуулж байна. Төв аймаг иргэний танхимын байр барьж, ашиглалтад оруулжээ. Увсад цагаан сарын үзэсгэлэн худалдаа ажиллуулжээ. Эдгээрээс өөр онцгой ажил байхгүй байгаа нь  аймгийн удирдлагуудын санал санаачилга тааруухан байгаагийнх гэлээ. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар таван хэлтсийн даргыг Францад долоо хоног явуулж Францад туршлага судлахад нийт 37 сая төргөг зарцуулсан байна. Шинэчлэлийн Засгийн газар төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад аялж зугаалахыг хориглосон байхад ингэж зугаацаж явах нь зохисгүй. Тиймээс аймгийн удирдлагууд энэ мэт алдаа гаргахгүй байх ёстой гэж Ерөнхий сайд онцлон анхааруулсан тухай  Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Иргэдийг сонсох, тэдний саналыг хүлээж авдаг Засгийн газрын “11 11 төв”-д Ерөнхий сайдыг нэг аймагт гурав хоног ажиллах санал ирсэн. Дарга нар орон нутагт ажиллахдаа дайрч өнгөрөх төдий, тиймээс орон нутгийн иргэдийн ажил амьдралтай танилцаж амждаггүй гэжээ. Ерөнхий сайд ирэх долоо хоногт Дорноговь аймагт ажиллах гэж байна. Энэ үеэр “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг болно. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын 200 хоног таарч байгаа бөгөөд энэ хугацаанд хийсэн үйл ажиллагаагаа тайлагнахаар төлөвлөжээ.     Тус аймагт ажиллахдаа сургууль, цэцэрлэгийн байдал, сургалтын орчин ямар байгаатай танилцаж, нөхцөлийг дээшлүүлэхэд анхаарна. Тус аймагт ямар лиценз олгогдсон, байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байгаа талаар иргэдийн асуултад Цөмийн энергийн газрын удирдлагуудыг хариулт өгүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

Замын-Үүдэд ачаа яагаад гацаж, түгжрэл үүсээд байгаад анхаарч ажиллана, энэ талаар төрийн байгууллага болоод иргэдийг оролцуулсан уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Замын-Үүдийн дулааны цахилгаан станц, Сайншандаас Замын-Үүд хүрэх авто замын ажилтай мөн Ерөнхий сайд танилцах юм байна. Цахим хурлын үеэр Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Завхан, Увс, Дархан-Уул, Булган, Өвөрхангай зэрэг аймгийн удирдлагууд тулгарсан зарим асуудлаа Ерөнхий сайдад хэлж, хариулт авлаа. Орон нутагт интернэтийн хурд тааруухан байгаа талаар хэд хэдэн санал гарсан бөгөөд энэ асуудлаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрынхныг аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, энэ асуудалд анхаарч ажиллах үүргийг холбогдох хүмүүст өглөө.  

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top