Кнопоо биш ухамсраа сайжруулъя, гишүүд ээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Жүжигчин Х.Хүрэлхүүгийн “Эргэлзээ” хошигнолд

...УИХ-ын гишүүдийг харахаар хууль зохиогоод ч байгаа юм шиг

Хуйвалдаан зохиогоод ч байгаа юм шиг... хэмээн гардаг. Өөрийнхөө лоббидсон талд хууль батлуулахын тулд эзгүй байгаа нэгнийхээ кнопыг элдэв аргаар дарж орхидог эрхэм гишүүд хэзээ нэг “томоожих” юм бол доо. Урт гар, уран мэхээ гайхуулж буй эрхмүүдэд чухам ямар арга хэмжээ авах нь ч бүрхэг байсан. Тиймээс арга буюу УИХ-ын тамгын газрын мэргэжилтнүүд эзнийхээ нүүр царай, хурууны хээг таних мэдрэмжтэй тусгай төхөөрөмж суурилуулна гэж амласан ч одоо хэр нь ажил хэрэг болгоогүй. Ингэж элдэв зардал гаргаж, ичих нүүрээ элгэндээ наасан гишүүдийг зугаацуулах уг нь дэмий л баймаар. Эзнээ таньдаг кноп тавихын оронд элдэв сиймхийг ашиглан хэн нэгнээ эзгүйчилж сурсан эрхэм гишүүдийн ухамсрыг сайжруулсан нь дээр байлтай. Ийш тийшээ салбаганаж, эзэнгүй байгаа кноп дарж гүйлдсэн гишүүдийн элэг хөшмөөр дүр зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүйдээ л нэг харуулсан. Хамгийн сонирхолтой нь, энэ бүгдээс ичсэн үү. Аль эсвэл элдэвтэй явдал нь камерт өртөж, хэвлэлд нийтлэгдээд байна гэж эмээсэн үү. Нэг хэсэг тэд сэтгүүлчдийг байнгын хорооны хуралдаанд орж суухыг хязгаарлах гэж “үзсэн” нь хөгжилтэй. Хэрэв энэ санаархал нь бүтсэн бол тэд яаж хөглөх байсан бол оо...

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top