УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Та Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг эмнэлгийн зориулалтаар нь үлээе гэж долоон зүйлттэй тогтоолын төсөл гаргасан ч энэ асуудлаар АН-ынхан завсарлага өгсөн. Тэгэхээр энэ эмнэлгийн асуудал юу болж байгаа вэ?
-Би төрийн тусгай албан хаагчдын ашиглаж байсан, тэдний нэрэн дээр баригдаж байсан эмнэлгийн барилгатай холбоо асуудлаар байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа. Харин өнөөдөр маш их сэтгэл гонсоймоор үйл явдал болж байна. Юу гэвэл Монгол Улс шат шатандаа хууль зөрчиж байна. Дээр нь хууль зөрчихийн тулд нүдний булай болж байгаа нь бий. Энэ эмнэлгийн барилгын асуудлаар ажилчид нь тэмцэж байтал нэг настай эгч “Эмнэлгийн байрыг эмнэлгээр нь үлдээхгүй” гэж хэлтэл Хорих байгууллагын эмнэлгийн даргаар томилчихсон. Тэтгэврийн насанд хүрсэн хүнийг томилсон хэрэг. Тэгэхээр ингэж арчаагүйтэх хэрэггүй л байсан юм. УИХ хуулийг даган биелүүлэх ёстой. Тэгж байж ард түмнээс хуулиа биелүүл гэнэ. Харин УИХ хамгийн түрүүнд Дэгийн тухай хуулийг дагах учиртай. Дэгийн тухай хуульд завсарлага авсан бол ажлын тав хоног дотор завсарлагын хугацаа үйлчилж, тухайн асуудлыг шийднэ. Шийдэхэд нь дахин завсарлага авч болно, харин ажлын гурав хоног үйлчлээд шийднэ гэж найм хоногийг тусгасан. Гэтэл нөхдүүд энэ асуудлаар завсарлага аваад мартчихсан.
-Намрын чуулган өндөрлөсөн гэдгээр энэ асуудлыг хойшлуулсан юм биш үү?
-Намрын чуулган дууссан ч байнгын хороо хуралдаж болно. Болохгүй гэсэн хууль байхгүй. Намрын чуулган дуусахаар амардаг, алга болдог гэсэн зүйл байхгүй шүү дээ. АН хуулиа биелүүлэхгүй байгаа нь утгагүй л байна. Эмнэлгийн байрыг авах гэж хууль зөрчсөн нь тодорхой. Тиймээс Төсвийн тухай хуулийг зөрчих үү, үгүй гэдгийн тухай яриа байгаа. Засгийн газар нь Хууль зүйн сайддаа үүрэг өгсөн үү, эсвэл Хууль зүйн сайд нь худлаа хийрхэлд автсаныг мэдэхгүй. Ямар ч байсан эмнэлгийн барилгыг авах гэж улайраад, Америкт очиж нүдний булай болоод явж байгаа.
-Америкт ямар учраас нүдний булай болсон гэж..?
-Америкт очоод лаг байгууллага байгуулна ярихад гадаадынхан ойлгохгүй л сууж байлаа. Яах вэ, монголчууд ойлгож байгаа байх. Америкчууд ойлгохгүй хараад байлаа. Тиймээс энэ хийрхлээ болиод, ард түмэнд наалдсан юм хийгээч гэж хэлмээр байна. Ард түмэнд шорон, прокурор, шүүхийн болон Хууль зүйн яамны байр хэрэггүй. Ард түмэнд өөрт нь үйлчилдэг эмнэлгийн байр хэрэгтэй.
-Харин шорон хэрэгтэй гэж нэмж барина гэж байгаа. Тэгэхээр шорон хэрэггүй гэсэн үг үү?
-Дэлхийн бүх оронд шорон барих гэж байна уу, үгүй юү гэдгийг мэддэггүй. Яагаад мэддэггүй гэвэл, шоронг рекламдаггүй. Манайд Ц.Нямдорж, Х.Тэмүүжин гэдэг хоёр хүн шоронг рекламдаж байгаа. Нэг нь аймаг бүрт, нөгөө нь төвлөрүүлсэн шорон хэрэгтэй гэж байгаа. Уг нь тэгж ярих нь нууцын зэрэглэлтэй байдаг. Гэмт хэрэг хийсэн хүн хаана очихоо мэддэг болохоос ард түмэн шорон гэдэг үгийг ч мэдэх ёсгүй юм. Гэтэл манайд шорон гэдэг үг моод болчихлоо. Энэ хэрээр эрх мэдэлтэй болсон. Тэгэхээр бодит байдлаар аваад үзэх юм бол энэ эмнэлгийн байр Төсвийн тухай хуулийг зөрчөөд явж байгаа. Засгийн газар УИХ дээр хэлэлцэж байгааг мэдсээр байж зөрчүүлээд, улайраад байна. Нэг л өдөр УИХ тогтоолын шийдвэр гарахад Засгийн газар буруудна шүү гэж хэлмээр байна. Ер нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой.
-Ямар учраас Ерөнхий сайдад хариуцлага тооцуулна гэж вэ?
-Гурван шалтгаан байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл өгөхөд нөхөр “Алдаагаа зассан” гэдгээр гараад ирж байгаа юм. Хулайч хүн “Учлаарай” гэж хэлснээр хариуцлага хүлээдэггүй биш биз дээ. Тэгэхээр үүнд хариуцлага тооцох ёстой. Хоёрдугаар, төсвийн алдагдал хэрээс хэтэрчихлээ. Ард түмний амьдрал сайжрахгүй байна. Гуравдугаарт, байнга мэдсээр байж хууль зөрчөөд байна. Ард түмнийхээ эсрэг юм хийгээд байна шүү дээ. Эмнэлгийн байраар оролдох тусам ард түмний эсрэг үйлдэл болно. Эмнэлгийн барилгыг нураагайд, оффис болгоод улаан туузаа хайчлах үед ард түмэн өөрсдийнх нь зүрх рүү хутга шааж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол маш аймшигтай хэрэг. Яагаад гэвэл хүчирхийллийн байгууллагыг томуурлах биш жижигрүүлж байж ардчилал ярина. Тэр утгаар энэ Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой.
-Таныг энэ эмнэлгийн асуудлаар олон нийтэд хандахад гэмт хэрэгтэн гэж зарласан нь ямар учиртай юм бол?
-Цэргийн байгууллагад үймээн, самуун тарьсан гэж тэгсэн юм билээ. Би цэргийн байгууллага биш, эмнэлгийн байрны асуудлыг ярьсан. Бид УИХ-д тогтоолын төслөө өргөн барьсан. Тэгсэн байнгын хороон дээр нэг хүн тоглолт хийсэн. Ингэснээр эмнэлэг бол аюулгүй асуудал учраас Аюулгүй байдал, гадаадын бодлогын байнгын хороо, хуулийн асуудал учир Хууль зүйн байнгын хороо, дээр нь Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэнэ гэж гаргаж ирээд, хоёр байнгын хороо руу шилжүүлсэн. Тэгээд нөгөөдүүл нь даргын зөвлөл рүү явуулахад ийм байнгын хороогоор яръя гэж цаг хожоод байна.
-Хаврын чуулганаар энэ асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцүүлэх биз?
-Дэгийн тухай хуульд завсарлагыг хугацаатай болгоё гэж АН-ын гуйсан. Ингээд хугацаатай болготол АН өөрсдөө биелүүлэхгүй байна.
-Та өнгөрсөн намрын чуулганыг ямар үр дүнтэй хуралдсан гэж дүгнэж байгаа вэ?
-Намрын чуулганаар Шонхор шувууг гадаадад гаргахыг хориглох тухай хуулийн төсөл өргөн барьсан чинь Засгийн газар дээр энэ асуудлаар тогтоол гаргачихлаа гэсэн. Дараа нь Монгол судлалыг хөгжүүлэх хуулийн төсөл өргөн барьтал Монгол судлалыг дэмжих тогтоолын төслийг Засгийн газар гаргасан. Харин УИХ-д бүлэглэл, хуйвалдаан бий болчихоод байна. Эдэнд мөнгө, эрх мэдэл, хэвлэл, намын нөлөө байгаа. Үүгээр ашиглааад аль болох булан руу шахаж байна. Намрын чуулганаар миний зүгээс маш олон ажлын хэсэгт орсон. Хэлэлцээд ороод ирсэн зүйл дээр ажлын хэсэг гаргаад сураггүй алга болгодог. Монголын төрийг барьцаалчихсан юм уу гэж ойлгоод байна. Би 2009 оны сонгууль алдаатай байсан уу, үгүй гэдэг дээр намын бүлгүүдийг оролцуулаад шалгаад үзвэл яасан юм гэж бодож байгаа. Энэ үүднээсээ УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьдаг юм уу гэж судалж байна.
-Таны хувьд МАН, МАХН хамтраад цаашид нэгдэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-АН ичих булчихраагүй юм. Хатуухэн хэлэхэд гэрээгээ дагах хэрэгтэй. МАХН, АН гэрээ биелүүлье, хамтдаа явъя, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулъя гэхэд АН Гүйцэтгэх хурлаа хийгээд “Ц.Элбэгдоржийг дэмжинэ” гээд зарлачихсан. АН орон нутгийн сонгуульд манай намтай орохгүй гэсэн. Гэрээн дээр орно гэж заасан. Гэтэл АН ийм шийдвэр гаргаад явж байна. Харин МАН, МАХН нийлэх, нэгдэх нь цаг хугацааны асуудал.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж http://www.info.mn
Сэтгэгдэл ( 0 )