Эмэгтэйчүүдийн манлайлал нийгэмд бодитой оршиж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулздаг уламжлалтай. “4/11-сэтгүүлчидтэй уулзах цаг” өнөөдөр болж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунцэцэг, АН-ын Нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг нар оролцож, сэтгүүлчидтэй ярилцав.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь сэтгүүлчдэд баярын мэнд хүргэхийн хамт мэдээлэл хүргэлээ.

Ардчилсан намаас санаачлан АЭХ-той хамтран “Бүтээн байгуулалт-эмэгтэйчүүдийн манлайлал” цахим “Лиш” чуулганыг зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1500 төлөөлөгч өөр өөрсдийн аймгаасаа интернетээр холбогдож, хийж бүтээсэн ажлын туршлагаа хуваалцан, цаашдаа хэрхэн хамтран ажиллах, шинэчлэлийн бүтээн байгуулалтад тэдний үүрэг оролцоо юу байх талаар ярилцсан. АН-ын ҮЗХ-ны гишүүн эмэгтэйчүүд, АЭХ-ны тэргүүлэгчид, аймаг, дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл интернетээр холбогдож хуралдсан. Тэд маань нийгмийн асуудал, жендэрийн тэгш байдлаас илүү гарч бүтээн байгуулалт, баялаг бүтээх салбарлуу хандан, улс орны цаашдын хөгжилд гар бие оролцохын сацуу өөрсдийн бизнесээ өргөжүүлэх өргөн боломжийн тухай ярилцсанаараа энэхүү уулзалт ач холбогдолтой боллоо. Өөрөөр хэлбэл одоо эмэгтэйчүүд бүхий л салбарт манлайлан, хариуцлагатай нийгмийг бүтээхэд өөрсдөө оролцох зорилгод нэгдэж байгаа нь чуулганаас тодорхой харагдсан. Түүнчлэн Завхан аймгийн Ардчилсан намын даргаар З.Нарантуяа сонгогдон ажиллаж байгаа. Энэ мэтчилэн эмэгтэйчүүд бүх салбарт манлайлан ажиллаж байна гэдгийг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь илэрхийллээ.

Мөн Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн асуудлаар хоёр жилийн өмнөөс ярьж, хэлэлцэж эхэлсэн боловч Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дахин хэлэлцүүлэх, нэмж тусгах зүйлс гарч саяхан Гүйцэтгэх зөвлөлөөс шинэчлэлийн ажлын хэсэг байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан ирэх дөрөвдүгээр сард намын дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг орон даяар хийх гэж байгаа юм байна.

Харин Нийслэлийн АЭХ-ны тэргүүн Д.Оюунцэцэг тун удахгүй 5000 эмэгтэйчүүдийн цугларалт болох гэж буй талаар танилцуулсан юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэвлэлийнхний сонирхсон асуултад АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь “Ардчилсан Ерөнхийлөгч дөрвөн жилийн өмнө гараад шүүхийн шинэчлэл, архидалтын эсрэг, ашигт малтмалын лиценз цэгцлэх, төрд иргэний оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг санаачилж байсан боловч өмнөх Засгийн газрын үед дэмжлэг авах нь ховор байсан. Шинэчлэлийн Засгийн газар 6 сарын хугацаанд яаж ажиллаж болдгийг харуулж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан иргэдийн оролцоог сайжруулах ажил эрчимжиж эхэллээ. Ерөнхийлөгч нь Засгийн газрынхаа хуралд оролцож үгээ хэлж болж байна. Хэрхэн хамтран ажиллаж болдгийг харуулж байгаа учраас Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр ач холбогдол өгч оролцоно. Одоогийн Ерөнхийлөгчөө дэмжиж ажиллана” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(116.7.156.56) 2015 оны 07 сарын 29

I”m not easily imperssed. . . but that”s impressing me! :)

0  |  0
Top