Элчин сайд Б.Дэлгэрмаа АСЕФ-д Монгол Улсын Захирагчаар томилогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 10

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ сарын 15-наас Ази-Европын сан (АСЕФ)-д Монгол Улсын Захирагчаар томилогдож байна.

Энэ талаар мэдэгдсэн Гадаад харилцааны сайд Л.Болдын захидлыг АСЕФ-ын Гүйцэтгэх захирал Жан Янь-д Элчин сайд Б.Дэлгэрмаа 3 дугаар сарын 05-ны өдөр биечлэн гардууллаа. 

АСЕФ-ын Гүйцэтгэх захирал Жан Янь Элчин сайд Монгол Улс АСЕФ-д Захирагчаа томилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Элчин сайд Б.Дэлгэрмааг Монгол Улсын анхны Захирагч болж буй гэдгийг онцлон тэмдэглэв.

Элчин сайд Б.Дэлгэрмаа, АСЕФ-ын гүйцэтгэх захирал Жан Янь нар АСЕФ-ийн үйл ажиллагаа, Монгол Улсын АСЕФ дахь оролцоо, 2013 онд болох Ази-Европын сангийн Захирагчдын зөвлөлийн ээлжит уулзалт, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

АСЕФ  буюу Ази-Европын сан нь хоёр тивийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготойгоор 1997 онд Сингапурт байгуулагдсан бөгөөд АСЕМ-ын байнгын үйл ажиллагаатай ганц институци юм. Энэхүү Сан нь оюуны солилцоо, иргэд хоорондын солилцоо, соёлын солилцоо, олон нийттэй харилцах гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бүх гишүүн орны төлөөллөөс бүрдэх Захирлуудын зөвлөл нь Ази-Европын сангийн ажиллагааны стратеги, зарчим, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сангийн жилийн төсөв, хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцэж баталдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top