З.Баянсэлэнгийн суудал ганхаж эхлэв үү

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгийн ёс зүйн зөрчил гаргасан гэх асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шилжүүлжээ. Түүнийг "Өгөөмөр" хүүхэд асрамжийн төвд шалгалтаар ирэхдээ ямар ч шалгалтын удирдамжгүй очиж, тус төвийн тусгай зөвшөөрлийг хураан авч, ёс зүйгүй үйлдэл гаргасан" талаар иргэд АТГ-т гомдол гаргасан билээ.  

Дээрх асуудлаар Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын дарга Д.Тунгалаг, Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү нараас тайлбар авч тодруулахад Улсын Их Хурлын байнгын хорооноос тусгай хяналт шалгалт хийх удирдамж, чиглэл албан бичгээр ирээгүй, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгийн биечлэн өгсөн даалгаврын дагуу ажилласан, мөн “Фратернитэ Нотре Даме” Төрийн бус байгууллагаас ирүүлсэн тайлбарт З.Баянсэлэнгэ нь ёс зүйгүй зөрчил гаргасан талаар дурьджээ.

Энэхүү үйлдэл нь  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.23 "хууль, гишүүний ёс зүйг чанд сахих", Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1 "бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах",  2.1.2 "хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх",  2.1.4 "төрийн байгууллагын албан хаагчаар зөвхөн албаны чиг үүрэгт нь хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлж байх", 2.1.7 "ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх" -д заасан албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байх үндэслэлтэй, мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан Улсын Их хурлаас хяналт шалгалт хийх хэлбэрийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгийн ёс зүйн зөрчил гаргасан гэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top