Заксен-Анхальт муж улстай хамтрахаар болов

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

ХБНГУ-ын Заксен-Анхальт муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын Ерөнхий захирал ноён Буркхард Фийберийг Элчин зөвлөх Ц.Болор ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцжээ.

 Заксен-Анхальт муж улстай эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар хоёр тал дэлгэрэнгүй ярилцаж, энэ чиглэлээр цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тогтсон нь ач холбогдолтой болсон байна.

Мөн Элчин зөвлөх Ц.Болор Шөнефельд дүүргийн Засаг дарга Удо Хаазетай уулзаж, энэ оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Монгол-Германы найрамдлын баяр” арга хэмжээг Вассманнсдорфт зохион байгуулахаар ярилцан, бэлтгэл ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцжээ.

Найрамдлын энэхүү баярын арга хэмжээг энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд өнгөрсөн оны арга хэмжэээд нийтдээ 2000 гаруй хүн оролцсоны дотор Бранденбург муж улсын Дэд бүтэц, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Брэтшнайдер зэрэг албаны хүмүүс оролцжээ.

Энэ жилийн арга хэмжээний үеэр ардын урлагийн “Хөх Монгол” хамтлаг, Улаанбаатар хотын “Хумболдт”-ын нэрэжмит сургуулийн охид хөвгүүд болон “Берлины рокн ролл” хамтлаг өөрийн тоглолтоо сонирхуулах бөгөөд тогтсон уламжлал ёсоор бөхийн барилдаан явагдах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top