Энэ жил Сайншандын 500 айл шинэ орон сууцанд орно

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг Сайншанд хотын “Соёмбо цогцолбор”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус цогцолбор төвд Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн газар, хөдөлмөрийн хэлтэс, ЗДТГ-ын архив зэрэг байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Ерөнхий сайд дээрх байгууллагуудын ажилтнуудтай уулзаж төрийн байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Сайншанд хотын “Соёмбо цогцолбор”-ын барилгыг орон нутгийн төсвийн 1 тэрбум 115 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж босгосон бөгөөд Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим, Монголын хотуудын холбооноос орчин үеийн архитектур дизайн, уламжлал өв соёлын шинжийг хослуулсан барилга гэсэн үндэслэлээр өнгөрсөн жилийн шилдэг барилгаар тодруулсан байна.

Дараа нь Ерөнхий сайд Н. Алтанхуяг Сайншанд хотын 5 дугаар сургуулиар орж сургалтын шинэ арга барил, бага дунд боловсролын шинэчлэлийн асуудлаар багш нартай санал солилцсон юм. Сурагчдын нас насанд нь таарсан тусгай хөтөлбөрөөр хичээлээ заадаг тус сургуулийн хамт олон амжилт ололтуудаасаа Ерөнхий сайдад дуулгасан.

Ерөнхий сайдын дараагийн ажил нь  “Нарлаг шанд-2” хорооллын 240 айлын орон сууцны барилга угсралтын ажлын явцтай танилцах байлаа. Тус хорооллын 60 айлын хоёр барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн бөгөөд одоогоор барилгын цутгалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дорноговь аймагт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах, нэгдэж хоршин ажиллах нөхцөл боломжийг хангахад аймгийн төр захиргааны байгууллагаас тусгайлан бодлого боловсруулан ажилласан байна. Үүний үр дүнд аймгийн барилга үйлдвэрлэлийн компаниуд нэгдэж “Дорнын барилга консерциум”-ыг байгуулжээ. Сайншанд хотод 2012 онд 500 айлын орон сууцны барилга шинээр баригдаж ашиглалтад орсон бөгөөд энэ жил дахин 500 айлын орон сууцны барилга баригдаж дуусна гэж Дорноговь аймгийн Засаг дарга П. Ганхуяг Ерөнхий сайдад танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top