“Үхэл”-ийн өмнөх ээлжит дуулиан Э.Эрдэнэжамъяны тэнэглэлээр үргэлжиллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

УИХ-ын намрын чуулган  завсарласнаас хойш манай саарал ордон эл хуль оргиж хааяа нэг хүндэтгэлийн хурал, чуулган их танхимд болохыг эс тооцвол амьгүй байна. Харин улстөрийн унтаа байдлыг Н.Энхбаярыг тойрсон “Үхэл”-ийн өмнөх дуулиан, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяны “том толгой” шийдвэрүүд л сэргээж байх шиг.

Эмгэн үхэхээрээ, хүүхэд уйлахаараа айлгана гэдэг шиг Н.Энхбаяр үхэхээрээ айлгаж байгаа хэдий ч түүний үг улиг болов. Нэг үгээр хэлбэл МАХН-ын хэвлэлийн алба байсхийгээд л Н.Энхбаярын орны өмнө хадуур барьсан хар хувцастай эрлэгийн элч зогсож байна гэх холгүй мэдээллүүд тараадаг уламжлалтай болов.

Намын үйл ажиллагаа, хэтийн хувь заяа гэхгүйгээр зөвхөн л Н.Энхбаярын амь дээсэн дөрөөн дээр байна гэнэ. Өчигдөрхөн тараасан мэдээлэл нь байна. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 70 тоот тушаалаар томилогдсон эмч нарын багийн үзлэгийн дүгнэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тараасан байх юм. Эндээс харвал Н.Энхбаярын эрх ямба хэтэрчээ.

Ялтан Н.Энхбаяр өвчтөн Н.Энхбаяр болон “зүсээ” өөрчилсний ард “Амархан ядарна, хоолны дуршил муу, унтахын өмнө бие загатнана, ханиалгана, гэдэс дүүрч цанхайна, үе үе өтгөн хатахаас гадна заримдаа суулгана, хамар битүүрнэ, хоёр хөлийн булчин чинэрч өвдөнө, нуруу өвдөнө, чих шуугьж, хатгуулж өвдөнө гээд л элдэвийн зовиур тоочсоныг нь харвал Н.Энхбаярын ямба яалт ч үгүй хэтэрчээ.

Шоронгийн чийгтэй харанхуй нэг өрөөнд биш эмнэлгийн дөрвөн өрөөг эзлэнхэн, тусгай тогоочоор хоолоо хийлгэн, өдөр өнжилгүй эргэлт авч байгаа Ерөнхийлөгч асан Төрийн тусгай хамгаалалт бүхий Богд уулын энгэр бэлийг түшин байрлах Их тэнгэрийн амаа санагалзан байж сууж ч чадахгүйгээр үл барам хоолойгоор нь хоол давахгүй байгаа юм биш үү.

Хор найруулж суух биш хоолоо сайн идэж нойроо сайн авбал Н.Энхбаярын ядаргаа арилж чих нь шуугьж, яс нь өвдөхөө болино биз. Бас улсын хэрэгт хошуу дүрэлгүй ус цасандаа ойр ойрхон орох зав өөртөө гаргавал бие нь загатнахаа ч болино. Түүний ямба ихдэж, уур уцаар нь их хүрэх болсноор л дээрх шинж тэмдэг илрээд байгаа юм.

МАН-аас урвуулж МАХН-ын харъяат болгосон хэдэн албатууд нь намын даргаа суллуулж чадахгүй байгаа нь албан тушаалаар дөнгөлүүлснийх. Намынх нь дарга шорон оронд орж үзээгүйгээ үзэж, үсээ зулгаах дутуу болоод байхад АН-ын Шинэчлэлийн Засгийн газар сайдаар суун хөл гараа тушуулж, амаа үдүүлсэн нь түүний бухимдах бас нэг шалтгаан. Үүнээс гадна нэгэн цагт энгэр цээжийг нь түшиж, далласан газар нь ил гарч далайсан газар нь далд орсон хэдэн нөхдүүд ч нүүр буруулан одсон төдийгүй одоо түүний “улыг нь шагайж” яваа.

Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр Н.Энхбаярыг ийн эмнэлгийн өрөөнд бачуурч суух хооронд МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж хэд  хэдэн асуудал хэлэлцсэний дотор МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар хэлэлцсэн бөгөөд хурлын уур амьсгал нэлээд ширүүн болсон төдийгүй, намын даргаа аврах эсэх асуудлаар “алалцаан” болсон гэх шум тарж эхэллээ.

Хамгийн гол нь намын дарга Н.Энхбаяр шоронд орж байдал хүнд нөхцөлд байгаа өнөө үед намын нэрээр өндөр албан тушаалд очсон эрхэмүүд  даргадаа анхаарал тавих асуудал дутуу дулимаг байгаа гэх шүүмжлэлээс үүдэлтэйгээр намын генсек болон залуу лидерүүд гэдсэндээ хөлөө хийлцэж эхэлжээ. Тодруулбал, намын генсек Г.Шийлэгдамба Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг нэр цохсон аж. Гэтэл Э.Эрдэнэжамъянд улстөрийн нам доторх хэрүүл, талцал төдийлөн таалагдаагүйн дээр туршлага дутаж залуу хүний ааг омогоор асуудалд хандан Хууль зүйн дэд сайдын албан тушаалаасаа буух өргөдлөө үзэглэн шүүмжлэгч Ерөнхий нарийн бичгийн даргадаа өгсөн боловч улстөрийн хатуу хөтүүг амссан, хожмын үр дагаварыг гадарлах болсон Г.Шийлэгдамба хүлээж авалгүй “Тэр Тэмүүжиндээ өг” хэмээн амыг нь таглажээ. Ийнхүү Н.Энхбаяраар овоглосон вант улсынхан гэдсэндээ хөлөө хийлцэж, дотроо хагаралдсныг улстөрийн хүчнүүд баяртайгаар хүлээн авч “Хүүхдүүд ийм дээрээ л хөөрхөн байдаг юм” хэмээн “өхөөрдөн” тавлажээ.

Ийн Н.Энхбаярын ээлжит дуулиан буюу “Үхэл”-ийн өмнөх байдлын тухай сенсаацыг Э.Эрдэнэжамъяны гаргасан “том толгой” шийдвэр буюу намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад тавьсан агсамаар үргэлжилж байх шив.

Н.Алтанхүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top