Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбооны Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблейн ерөнхийлөгч Рикардо Мильори тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр төрийн ордонд хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Бид нэгэн чухал асуудалд анхаарч байна. Энэ бол эрх зүйн болон аюулгүй байдлын системээ хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуудал. Гэхдээ бид ард түмнийхээ эрх ашигт нийцүүлж өөрчлөх ёстой. Хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Танай байгууллагын хүмүүстэй туршлага солилцдог. Энэ нь УИХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэнд чухал хэрэгтэй байдаг юм.
Монголын талаар сайн мэдээ дуулгахад манай улс 2011 онд эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй орон болсон. 2013 онд авлигыг бууруулах чиглэлээр хамгийн хурдтай ахиц гаргасан орон болсон. Нэг жилийн дотор 26 байраар урагшилсан. Энэ бол эрх зүйн шинэчлэлийн үр дүн гэж бодож байна. Бид авлигыг үл тэвчих бодлого баримталж байгаа. Ахиц дэвшил гаргахыг хичээж байна. Ингэхгүй бол шинээр гарч ирсэн ардчилсан орнууд муу засаглал, авлигаас болж бүтэлгүйтсэн байдаг. Ардчилал гэдэг нь эрх барьж буй хүнийг солихыг хэлдэггүй. Энэ нь институцийг өөрчилж, эрх мэдлийг ард түмэнд шилжүүлэхийг хэлдэг гэж би ойлгодог.
Монгол АОХН-ийг даргалж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 29-нд гишүүн орнуудын сайд нарын бага хурал хийхээр ажиллаж байна. Энд дурсахад Монгол хорь гаруй жилийн өмнө Умард Солонгостой адил улс төрийн системтэй байсан, одоо дэлхийн ардчилсан хөдөлгөөний манлайлагч болоод байна. Дээр дурдсан бага хуралд 100 гаруй орны Гадаад харилцааны сайд ирж оролцоно. Хэд хэдэн орны төр засгийн тэргүүн ирнэ. Нэгэн хүндтэй зочин болох Ан Сан Су Чи ирэхээ мэдэгдээд байгаа. Европын Холбооны Гадаад харилцааны сайд хатагтай Катерин Аштон ирэхээ бас мэдэгдсэн.
Европын Холбоотой тогтоосон харилцаагаа бид үнэлж хүндэтгэдэг. Ерөнхийлөгч болсныхоо дараа гаргасан эхний зарлигуудын нэг бол цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийг зогсоох тухай байсан. Одоо тэр цаазаар авах ялтай холбоотой хууль эрхзүйн баримт бичгээ өөрчлөх ажлыг хийж байна. Монгол цаазаар авах ялгүй орон болно.
Манай улсыг дэмжин Европын Холбооны Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэнд талархаж байна. Бид бүс нутагтаа манлайлах үүрэг гүйцэтгэхийг хичээж байгаа. Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсны хүрээнд авч үзвэл жижиг, том улс гэж байхгүй. Яагаад гэвэл бүгдэд нь эрх чөлөөтэй ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэсэн улс үндэстэн, хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг хүндэтгэгчид байдаг. Тиймээс Монгол Улс хүн амаараа жижиг орон хэдий ч бүс нутагтаа ардчиллын том үлгэр жишээ байхыг эрхэмлэж байна. Бид бүс нутгийнхаа шинээр ардчилагчдыг дэмжин төсөл хэрэгжүүлж байгаа. Киргизтэй их ойр ажиллаж парламентын голчилсон төлөөлөгчдийг хэд хэдэн удаа хүлээж аваад байна. Тэд парламентын засаглалыг бий болгож төлөвшүүлэхээр ажиллаж байгаа юм.
Монгол бол коммунизмын дараа парламентын засаглалыг сонгон авсан орны нэг. Ганц дусал цус гаргалгүй ардчилсан хувьсгалыг хийж чадсанаараа бид бахархдаг. Тэр цагаас хойш долоо удаа парламентын сонгууль хийж, засгийн эрхийг намууд ээлжлэн барьж байна. Парламентын эмэгтэй гишүүн гурав байсныг өнгөрсөн сонгуулиар арваннэг болгож чадлаа. Орон нутгийн сонгуулиар ч эмэгтэйчүүдийнхээ тоог нэмэгдүүлсэн.
Ингээд та бүхний айлчлалд амжилт хүсье” гэв.
Ноён Рикардо Мильори хэлэхдээ “Манай байгууллагын ач холбогдлыг үнэлж хүндэтгэдэгт баярлалаа. Танай орон бол бүс нутагтаа үнэхээр эрх чөлөөний үлгэр загвар болж, ардчилсан өөрчлөлтийнхөө хорь гаруй жилд ихээхэн амжилт олжээ. Зөвхөн эдийн засгийн салбарт төдийгүй хүний эрхийн чиглэлээр том амжилтад хүрсэн байна. Цаазаар авах ялыг халсныг манай байгууллага өндөр үнэлж байна. Киргизтэй манай байгууллага хамтарч ажиллаж байгаа. Киргизэд болон Азийн бусад оронд ардчиллын үлгэр жишээ, тусламж хэрэгтэй байгаа. Монголыг оруулаад Төв Азийг бүхэлд нь бид стратегийн чухал газар гэж үздэг. Бид парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Бага багаар урагшилж л байна. Бид аюулгүй байдлын асуудалд онцгой анхаардаг” гэлээ.
Ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн 5 гүрний дэмжлэгийг хүлээсэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй газар нутаг болох санаачилгыг Азийн бүсэд өргөжүүлэхэд анхааран ажиллаж байгаагаа онцлон дурдав.
Сэтгэгдэл ( 1 )
IHIIG HIIJ BUTEGEREI ERONHIILOGCHOOO