“Замын-Үүд” чөлөөт бүсэд Засгийн газар хөрөнгө гаргасан, одоо шуурхай ажиллаарай

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

Засгийн газрын тэргүүн “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайдыг очих үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр,  УИХ-ын гишүүн Р.Гончигдорж болон холбогдох бусад албаныхан Замын-Үүдэд ирж ажлын явцтай танилцаад байсан юм.

Өндөр технологи нутагшуулах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгосноор эдийн засгийг либералчлах зорилгоор гурван ч хууль, үзэл баримтлалыг УИХ-аас баталсан байдаг. Үүний нэг болох Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль 2003 онд батлагдсан ба энэ дагуу 2004 онд чөлөөт бүс байгуулах тухай тогтоол гарч байв. Энэ тогтоолоор чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоон хилийн заагийг тодорхойлсон юм.

"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг иж бүрнээр нь байгуулж, хөгжүүлэх стратегийн хөрөнгө оруулагчийг олон улсын нээлттэй тендерээр сонгосон ч хоёр ч удаа цуцлагджээ. Иймд өнгөрсөн хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны ажил хийсэн байна. Тухайлбал, чөлөөт бүсийн хамгаалалтын хашаа, харуулын болон шалган нэвтрүүлэх байр, мэргэжлийн албадын нэгдсэн барилга барьж, 10кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, 250 кВт-ийн трансформаторын дэд станц суурилуулж, Замын-Үүд боомтоос бүсийн талбай хүртэлх 6 эгнээ, 2 урсгалтай хайрган хучилттай зам тавьж, хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн байнгын ажиллагаатай пүү суурилуулжээ. Түүнчлэн геологийн болон усны хайгуул судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, 120 метрийн гүнтэй гурван уст цэг илрүүлэн нэгийг нь бүрэн тоноглон ашиглаж байна.

Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэхээр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслийн жагсаалтад 2008 онд оруулсан байдаг. Төслийн нийт өртөг 58.8 сая ам.доллар, үүний 50 саяыг нь БНХАУ-ын Эксим банкнаас, үлдсэнийг манай Засгийн газраас санхүүжүүлэхээр гэрээ хэлэлцээр байгуулжээ. Гэвч бүтээн байгуулалтын ажил төдийлөн урагшлахгүй байсаар өнгөрсөн оны хавар хүргэсэн юм. Одоо энд дулааны станцын хашаа, дулааны шугам хоолой, ус цэвэршүүлэх үйлдвэр, цэвэр бохир усны шугам хоолойн угсралт, хорооллын чанартай гол гудамжны суурь, замын далан, гүний гурван худгийн өрөмдлөг хийгдэж байгаа бөгөөд эдгээрийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Олон жил дамжин удааширсан Замын-Үүд чөлөөт бүсэд Шинэчлэлийн Засгийн газар анхаарал хандуулж, 2013 онд улсын төсвөөс 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталсан. Энэ хөрөнгөөр чөлөөт бүсэд төдийгүй Замын-Үүд суманд цаашид шаардагдах цэвэр усны эх үүсвэрийн хайгуул судалгаа хийлгэж, дэд бүтэц, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулж, бүсийн шалган нэвтрүүлэх байгууламжид 150 тоннын хүчин чадалтай хэмжилтийн пүү байрлуулна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнөх хийгдсэн болон энэ оноос эрчимжүүлэх төлөвлөгөөт ажлын явцтай танилцаад Засгийн газраас хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн тул чөлөөт бүсийн ажлыг шат шатандаа саатуулалгүй шуурхай явуулах ёстойг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top