Булганд 1938 оноос хойш анх удаа ардчилал яллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

Булган аймгийн Засаг дарга, АН-ын дарга Х.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Булган аймагт анх удаа ардчилал яллаа. Ув улаан газар ардчилал ялсан мэдээ их содон сонсогдож байсан?

-Манай аймагт ардчилал анх удаа 2012 онд ялж байгаа юм. Булган аймаг 1938 онд байгуулагдсан цагаас хойш анх удаа Ардчилсан нам ялж байгаа юм шүү дээ. Суманд ч гэсэн их амжилттай ялсан. Орон нутгийн сонгуулиар 2000 онд нэг сум, 2004 онд хоёр сум, 2008 онд 4 суманд ялж байсан бол 2012 онд 16 сумаас 9 суманд ялсан. Аймгийнхаа ИТХ-д олонх болж засгаа авсан. Булган аймгийн Ардчилсан нам намаа шинэчлэхийн тулд хөдөө сумад руугаа чиглэн дөрвөн жил ажилласан. 2008 оны сонгуульд ялагдсаны дараа манайх дотоод зорилгоо тодорхойлоод намаа шинэчлэхийн төлөө ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Намаа шинэчилье, боловсролтой чадалтай залуучуудыг нам руу оруулж ирье. Ардчилсан намын үзэл баримтлалыг ард иргэдэд ойлгуулъя гээд бодлого төлөвлөгөө гаргаж намын анхан шат руу анхаарал хандуулж ажилласан.  Анхан шатны нэгжүүдээ бэхжүүлж, намын идэвхитэн гишүүдийн идэвхийг сэргээсэн үйл ажиллааг эрчимтэй зохион байгуулсан. Дараа нь нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Бид дотооддоо хичээж ажилласнаас гадна гадаад олон хүчин зүйл ялалтад нөлөөлсөн. Нэгдүгээрт Булган аймагт олон жил засагласан МАН-ын орон нутаг дахь удирдлагуудын зүй бус ажиллагаа хэрээс хэтэрсэн байсан. Хоёрдугаарт ардчилал дээрээ засагласан гээд тал талын хүчин зүйл манай ялалтыг бататгасан.
 
-Ялагдаж цөөнх болох шиг амархан зүйлгүй. Харин ялсаны зовлон гэж түүнээсээ их байгаа даа?
-Ялсаны зовлон их байна. Манай аймгийн намын хувьд ерөөсөө төр барьж байгаагүй. Дандаа гудамжинд улстөр хийж байсан учраас боловсон хүчний хувьд дутагдалтай.  Ялчихаад гудамжны улстөр хийж байгаа юм шиг асуудалд хандах гээд байдаг юм байна. Хандлага, харилцаагаа өөрчлөх гээд олон бэрхшээл бий болсон. Гэхдээ бүгдээрээ хэлэлцээд асуудлаа шийдээд ажиллаж байна. Ер нь нутгийн гаралтай, төрийн албанд тодорхой хэмжээгээр алба хашиж байсан олон түмний итгэл даах хүмүүсийг төрийн албанд байршуулж байгаа.
 
-Танай аймагт төр жинхэнэ утгаараа эргэж, хуучин эрх баригчид сөрөг хүчний дуу хоолойгоо хэр илэрхийлж байна даа?
-Нөгөөдүүл нэг их сайн ажиллахгүй, шоконд орчихоод байгаа л даа. Бидэн шиг гудамжинд байж үзээгүй болохоор сөрөг хүчний дуу хоолойгоо илэрхийлэх гээд ч аргаа олохгүй байх шиг байгаа юм. Гэхдээ манай Булганыхан Хөвсгөл, Ховд, Дорнодынхон шиг айхтар улстөрждөггүй нам гүмхэн аймаг шүү дээ. Ерөнхийдөө хүмүүс нь тайван гэх үү дээ. Айхтар эсэргүүцсэн юм алга. Сөрөг хүчин ч тэр, ард түмэн ч тэр болох юм болдогоороо болж байна гэсэн байр суурьтай байгаа. Хэн нэгэн эсэргүүцээд бахираад байгаа юм алга.
 
-Танайхан ялсаныхаа дараа дотроо хэр их амбицлав?
-Анхан, дунд шатанд дотоод амбиц гээд байх зүйл бараг байхгүй шүү дээ. Дээр байгаа фракцуудын зөрчил орон нутагт намыг хэд хагалаад хаядаг. Гол нь ҮЗХ-ны гишүүнээр өөрийн фракцын хүнээ тавиулах гэснээс хамаг асуудал эхэлдэг. Харин сүүлийн гурав дөрвөн жил манайд ийм байдлаар хагарах нь гайгүй болсон. Манайх ч гэсэн ийм хагарлын байдалд байсан. Фракц ярьж байгаа анхан шатны намын дарга хийх ёсгүй. Тамгаа өг, голч байр суурь барь гэдэг шаардлагыг шат шатандаа тавьсан. Ер нь бол хөдөөний Алтангадас, МоАХ гэж юу байдаг юм бэ. Зүв зүгээр байгаа хүмүүсийг тал талаас очиж хагалж байхаа болих хэрэгтэй. Ардчилсан намын төлөө гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй байх ёстой. Түүнээс хөдөө байгаа жирийн нэгэн иргэн Ардчилсан намыг л дэмжиж байгаа болохоос Х.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Х.Баттулга гурвыг дэмжээгүй юм шүү дээ. Хэдэн фракц дээрээ талцаад дунд шатны намыг хагалж хаяад байна л гэж хувь хүнийхээ нүдээр хардаг.
 
-Намын дүрэм шинэчлэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Таны хувьд дунд шатны нам толгойлж байгаа хүн. Юун дээр илүү анхаарах ёстой вэ?    
- Квотын асуудал өөрчлөгдөх байх. Хуучин бол нэгийг гурваар үржүүлээд явдаг байсан. Тэр нэмэгдэх байх. Сумдаас намын дүрмийн шинэчлэл дээр санал их ирж байгаа. Одоо суманд нэг хүн аймгийн хуралд нэр дэвшдэг болсон. Манай намын хороо гэхэд 93 гишүүнтэй. Тэгэхээр шинэ дүрмээр өөрчлөлт гарах байх. Хяналтын хороо, намын генсекээс өгөх шийдвэрийг хараад л сууж байна. Намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад 9 сар хүртэл бүх зүйлийг хойшлуулж байх шиг байна. Намын дүрмийг шат шатны сонгуулийн хууль, намуудын тухай хуульд нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй. Энэ удаагийн дүрмийн өөрчлөлтөөр хариуцлага гэдэг зүйлийг чангатгах хэрэгтэй. Энд тэнд очоод ҮЗХ нэрээр нам хагалж явдаг нөхдүүдийг дүрмийн хүрээнд хариуцлага тооцдог байхаар оруулж өгөх нь зүйтэй. Мөн фракцуудын асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх ёстой байх. Фракц байх нь зүй ёсны хэрэг. Фракц байлаа гэхэд орон нутагт бужигнуулдаггүй байх. ҮЗХ дотор хэдэн хүний суудалтай байж фракц бүрдүүлэхийг нь хүртэл зааж өгөхгүй бол сонгууль, албан тушаалын яриа өрнөнгүүт 4-5 хүн нийлээд л фракц байгуулсанаа зарлаж шоудаад тэнгэр, шувуу гэж нэрлээд хэн нэгнийг унагахын төлөө зохион байгуулалттай бужигнуулдагийг тодорхой хэмжээнд хязгаарлана хэрэгтэй. ҮЗХ-ны 228 гишүүн 10 хуваагдаад фракцлаад явах юмуу, яах юм гэдэг дүрмээр тодорхой болгох ёстой.
 
-Анхан, дунд шатны намын санхүүжилтийн асуудал их тодорхой бус байдаг. Санхүүжилтийг хэрхэн шийдвэл зүгээр вэ?
-Сумын нам, үүрийн дарга нар, ХЭГ-ыг цалинжуулах асуудал хөдөөд тулгамдсан асуудал байдаг. Булган аймгийн төв Булган хотод гэхэд зургаан үүртэй. Үүрийн дарга нартай тодорхой хэмжээний урамшуулал, амжиргааны доод түвшинтэй тэнцэх цалин олгодог. Нам үйл ажиллагаа явуулахын тулд мөнгө босгох шаардлагатай. Мөнгө босгож байна гээд ганц хоёрхон мөнгөтэй хүний халаасанд орчих гээд байдаг. Тэгвэл нам нам биш болно. Хүний юм авсан хүний хуруу богино, хүний юм идсэн хүний эрүү богино гэдэг биз дээ. Дуугарч, чаддаггүй, ярьж чаддаггүй болчихдог. Ийм байдлаас гарахын тулд бид өргөн хүрээнд аль болох олон хүнээс дэм авч намын санхүүг нээлттэй байлгаж ирсэн. Санхүүгийн хувьд цөөн хэдэн хүний хараат бус байж чадсан учраас нам орон нутгийн сонгуульд ялсан. Түүнээс хэн нэгэн мөнгөтэй ҮЗХ-ны гишүүн нөхөр дангаараа санхүүжүүлээд ирвэл нам хэцүү байдалд орж ардчиллын зарчим алдагддаг. Намын дарга ч гэсэн намаа ганцаараа санхүүжүүлээд ирвэл хувь хүний компани шиг болдог. Ийм байдлаас л намын анхан шатны нэгжүүдийн санхүүжилтийг намын дүрмийн шинэчлэлдээ тусгаж өгөөд хүнд байдлаас нь гаргах хэрэгтэй. Барууны зарим оронд улстөрийн намын сонгуульд авсан санал, хувь, нийгэмд эзэлж байгаа байр сууриар нь мөнгөн санхүүжилт өгдөг юм билээ. Тэр нь бараг шулуун шүү дээ. Тэгэхгүй бол нам мөнгөтэй хүмүүсийн хараат болж хямралд ордог. Энэ хагараад хэрэлдээд байгаа аймаг, дүүргийн намын цаана цөөн хэдэн хүний санхүүжилтийн асуудал байдаг болоод л нам нь нам шиг байж чадахгүй байгаа байхгүй юу. Ил далд мөнгөний асуудал байгаа учраас ингэж байгаа юм.
 
-Булганд АН засаглаж эхэллээ. Аймгаа хэрхэн хөгжүүлэх гэж байна вэ. Хөгжилд ойрхон хөгжлөөс хоцорсон аймаг гэж цоллуулдаг шүү дээ?
-Булган аймгийг хөгжүүлэх “Шинэ Булган” мөрийн хөтөлбөр боловсруулан баталсан. “Шинэ-Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд багаа бүрдүүлэн ажиллаж байна. Эхлээд муугаа ярихад манайд зовлон байна. Нэгд жижигхэн, хоёрт том хотуудад ойрхон. Дэргэдээ зуу гаруй мянган хүн амтай Эрдэнэт хоттой. Засмал замаар Улаанбаатар хоттой гурван чиглэлээр холбогдсон. Эдийн засгийн хувьд мөнгөний урсгал Булганд тогтохгүй байна. Эдийн засгийн шинэчлэл хийхээр манай баг ажиллаж байна. Бид Эрдэнэт хотыг малын түүхий эд, сүү цагаан идээ, ус, түлээ, хоолоор нь хангаж байна. Эрдэнэт хот буцаагаад бидэнд юу өгсөн бэ гэдэг асуудал тавигдаж байна. Энэ асуудал дээр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай ярьж байна. Өөрчлөлт, шинэчлэлтийг хардаг, аливааг мэдэрдэг шинэ хүмүүс Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байгаа учраас нааштай хариу сонсоно гэж хүлээж байна. Булган сумаа хот болгон хөгжүүлнэ. Хүн амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Нийгмийн чиглэлийн томоохон бүтээн байгуулалт хийгдэхээр яригдаж байна. Бид уул уурхай хөгжүүлэхгүй. Хөдөө аж ахуй, газар тариаланд тулгуурлан хөгжинө. Томоохон боловсруулах үйлдвэр байгуулна. Манайх тариалангийн бүс нутаг. Тариалалтаараа улсын хэмжээнд гуравт ордог. Үүнийгээ ч түлхүү хөгжүүлнэ. Булганы брэнд айргийг Монгол улсын хэмжээнд жилийн дөрвөн улиралд хүргэх технологи боловсруулж байна. Дараагийн асуудал нь тэжээлийн үйлвэрийн төв болно. Гурилын үйлдвэр нь Сэлэнгэ, Төв аймагтаа байдаг юм байгаа биз. Манай аймгийн хувьд тэжээлээр бүх аймгийг хангадаг гол цэг болно. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай ярьж тохиролцсон. Манай газар зүйн онцлогт тохирно. Аялал жуулчлалыг цоо шинэ шатанд дэлхийн стандартад нийцүүлэн хөгжүүлнэ. Байгаль, түүхийн дурсгалт үзмэрүүдээ нөхөн сэргээнэ. Эг, Сэлэнгийн бэлчирт байгалийн аялал жуулчлалаа хөгжүүлнэ. Рашаан усны чиглэлд Орхоны халуун рашаан, Хануй, Сахарын рашаан гээд хөгжүүлнэ.
 
-Танайх ногоон аймаг болох зорилт тавьсан байсан. Энэ талаараа ?
- Булган аймаг анхдагчдын өлгий нутаг. Тэр ч утгаараа анхны ногоон аймаг болж байгаа. БОНХ-ийн яамтай зарчмын хувьд тохирсон. Аймгийн ИТХ-аас ажлын хэсэг гарч УИХ, Засгийн газар, БОНХ-ийн яамтай хамтарч хөтөлбөр боловсруулан ногоон аймаг болно. Ногоон хөгжлөөрөө бусад аймгийг манлайлна.
 
-Энэ он бүтээн байгуулалтын хамгийн чухал жил. Танайд хийгдэх хамгийн том бүтээн байгуулалтаас нэрлэвэл?
-Цахмилгаан станц баригдаж байгаа. Их асуудалтай юм билээ. Гэхдээ барьж дуусгахын төлөө ажиллана. 300 айлын орон сууц эхэлж байна. Нийгмийн чиглэлд усан бассейн барина. Хүүхэд залуучуудын цэцэрлэг, битүү зах баригдана гээд үнэхээр томоохон бүтээн байгуулалтууд эхлэнэ дээ.
  
Ю.Гэрэлтуяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baagii(180.149.95.54) 2013 оны 03 сарын 21

Ta naraas ix zyiliig ard tymen xyleej baigaa shyy. Amjilt.

0  |  0
ЗОЧИН(202.9.47.130) 2013 оны 03 сарын 18

ЗӨВ ШҮҮ

0  |  0
ok(202.55.191.35) 2013 оны 03 сарын 17

Tanai Bulgand 1938 ond yamar songuuli bolson yum.Budlianii ezed.

0  |  0
Top