Эрчим хүчний сайдаас 400 асуулт асуув

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

Эрчим хүчний сайд М.Сономпил 3 дугаар сарын 15-ны өдөр “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтад оролцлоо. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачлан зохион байгуулж буй уг уулзалтаар иргэдийн зүгээс салбарын сайд нарыг оролцуулах санал гаргаж байсныг ийнхүү ажил хэрэг болгож байгаа юм.

Эрчим хүчний үнэ тарифийг нэмэгдүүлэх үү, нийслэлийн шинэ эх үүсвэрийн асуудал шийдэгдсэн үү, шинэ эх үүсвэрүүдийг хэзээ барих уу гэх зэрэг бодлогын асуудлаас гадна эрчим хүчийг хэрхэн хэмнэж болох арга туршлагыг зааж өгөхийг хүсч, агаарын бохирдлыг бууруулахад иргэд хувь нэмрээ яаж оруулж болох саналаа иргэд цахим уулзалтаар хэлж байлаа. www.zasag.mn цахим хаягт 5400 гаруй  иргэн холбогдож Эрчим хүчний сайдын шууд ярилцлагыг сонирхжээ. Энэ үеэр нийт 400 орчим асуулт, санал хүсэлт фэйсбүүок, твиттер, мэйл, мэссэнжэрээр ирлээ.

Иргэдийн зүгээс эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулах хугацаа, тэдгээрийн байршил, хүчин чадлын талаар саналаа илэрхийлж байлаа. Хариуд нь сайд V цахилгаан станцын ажлыг энэ онд багтаан эхлүүлж Тавантолгойд 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг бондын хөрөнгөөр барихаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Мөн ирэх өвлийн оргил ачааллаас өмнө нийслэлийн дулааны хангамжийг хэвийн, найдвартай болгохын тулд Баянзүрх дүүрэгт “Амгалан” дулааны станцыг ашиглалтад оруулахаас гадна “ДЦС-4” компанийн хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөхөөр ажиллаж байгаагаа талаар ярилаа.

Эрчим хүчний байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комисс Барилга хот байгуулалтын яаманд төвлөрсөн нь зөв үү, цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бодлогоо хэрхэн тодорхойлж байна, салбарын яамны дэргэд мэргэжлийн хүрээлэн байгуулах талаар төлөвлөгөө байна уу гэх зэрэг асуулт ч мөн ирж байв. Нийслэлийн гэрэлтүүлгийг нар, салхины эх үүсвэрээр шийдэх, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг салбарын яамнаас бодлогоор иргэдэд түгээх зэрэг ажил хэрэгч саналууд олон байснаас гадна Эрчим хүчний салбарын тодорхой үйл ажиллагаанд талархал илэрхийлж амжилт хүсч байлаа. Сайд М.Сономпил иргэдийн асуултад хариулж эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн цаашид хийх ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулж иргэдийн зарим саналыг ажил хэрэг болгохоо хэллээ. Тухайлбал, цахилгаан ашигласны төлбөр авдаг хугацааг цалин, тэтгэвэр олгох хугацаатай хамааралтайгаар зохицуулах, төлбөрөө хийгээгүй гэсэн шалтгаанаар иргэдийн цахилгааныг таслахгүй байх арга хэмжээ авахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн удирдлагад зөвлөмж болгоод байгаа юм.

Мөн нийслэлийн хэрэглэгчдээс эрчим хүчний тасалдал, саатал болон бусад санал гомдлыг хүлээн авах 7004-7004 дугаарын утас бүхий Дуудлагын төв ажиллуулж эхэлснээр өдөрт 1000 гаруй хэрэглэгч холбогдож байгааг хэлээд  цаашид 24 цагийн үйлчилгээтэй болгохоор төлөвлөж байгаагаа ярилаа. Яамнаас энэ оныг “Эрчим хүчний хэмнэлтийн жил” болгон зарлаад байгаа бөгөөд үнэ тарифийг нэмэхгүйгээр алдагдлаа бууруулж ажиллах чиглэлийг салбарын үйлдвэр компаниудад өгсөн байна. Хэмнэлтийн жилд иргэд ч мөн нэгдэж эрчим хүчээ хэмнэхийг Эрчим хүчний сайд уриалаад Филиппин улсын иргэд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн ашигласнаар нэг цахилгаан станцын үйлдвэрлэх хэмжээний хэмнэлт гаргасан тухай сонирхууллаа.

Энэхүү цахим уулзалт МҮОНР-гийн P3 богино долгионы радиогоор цацагдсан бөгөөд хариултаа авч чадаагүй иргэд Эрчим хүчний яамны www.energy.gov.mn сайтаар хандаж болох юм байна.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top