“Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлын албанаас гэнэт халагдсан МҮАН-ын дарга М.Энхсайхан шинэ ажилд томилогдож магадгүй болжээ. Тэрбээр өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай цухас дурдахын зэрэгцээ “Шударга ёс” эвслийн ирээдүйн талаар ч байр сууриа илэрхийлсэн байна. Түүний удахгүй томилогдож мэдэх шинэ алба нь Тавантолгойн цахилгаан станцын төсөл аж. М.Энхсайхан “Засгийн газар Тавантолгой дээр цахилгаан станц барих шийд гаргасан. Эхний удаа Засгийн газар 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэсэн шийдвэр гаргасан. Энэ төслийг гүйцэлдүүлэх асуудлыг Сономпил сайд надад хариуцуулъя гээд байгаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны анхдагч тохиолдол тул олон юм шинэ байна. Яадаг ч байсан хийх гээд зүтгээд ард нь гарах хэрэгтэй. Ажил хийе гэвэл надаас сорилт, хүч шаардсан ажил л надад сонин байна. Харж л байя. Гэнэтхэн томилоод гэнэтхэн халаад хаячихгүй л бол” гэж ярьжээ. Тэгэхээр Түлш, эрчим хүчний сайд М.Сономпил намын журмын нөхөртөө шинэ ажил санал болгосон нь баараггүй аж. Харин энэ саналаа Засгийн газрын төвшинд дуулгаж, “виз” авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ ийм том төслийн ажлыг санал болгохын өмнө эрх бүхий хүмүүстэй эрхбиш тохиролцсон байлгүй. Намын даргадаа ажлын санал тавьсан нь түүнийг гудамжинд зүгээр явуулаад байхыг хүсээгүйнх мэт боловч Засгийн газрын цаашдын заяа төөргийг сайд ч, сайдын цаана байгаа эрх баригчид ч бодолцсоных.
Ажлаасаа гэнэт халагдсан М.Энхсайхан өнгөрөгч хугацааг ямар ч гэсэн дэмий өнгөрүүлээгүй. Засгийн газрыг хамтарч байгуулсан дөрвөн намын нэгийг нь удирддагийн хувьд тэр юу хүснэ, түүний хүслээр гүйцэтгэх засаглалын хувь заяа хаашаа эргэж магадгүй болоод байв. Засгийн газарт огцрох хэмжээний доргилт үүсгэх эсэхийг шийдэх эмзэг цэгийг атгаж явсан түүнийг зөнд нь орхихыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүсээгүй бололтой. Хэрвээ “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МҮАН замын дундаас буцна гэвэл, МАХН намын даргаа өмгөөлж хамгаалан эвслээс гарахдаа тулбал Засгийн газарт ямар ч хамгаалалт нэмэргүй, шууд л огцорно. Тиймдээ ч засгийн гол эрх мэдлийг барьж буй Ардчилсан нам нуман тулгуурт орохгүйн тулд М.Энхсайханд “хайр зарлаж”, дахин ажил санал болгосон ч байж мэднэ. Тэгээд ч гурван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд огцорсон засагтай орвол эрх баригчдад яавч сайнаар тусахгүй. Үүний тулд тэд богино зайн улс төр хийж, М.Энхсайханыг эргүүлэн нөмөртөө татахаар төлөвлөсөн ч байж болох. Мэдээж М.Энхсайхан ч гэсэн зам зуурын саналыг ил тод зарлах хэмжээний гэнэн хүн биш. Тиймээс ээлжит томилгоо баталгаажих сургаар тэрбээр энэ тухай хэвлэлээр дамжуулан олонд мэдэгдэж, тэгэхдээ эрх баригчдыг битүүхэн түншихээ мартсангүй. “Гэнэтхэн томилоод гэнэтхэн халаад хаячихгүй л бол” хэмээх түүний гомдол тээсэн үг нэгийг хэлнэ.
Жил бүрийн Цагаан сарын шинийн 8-нд хуралддаг гэх МҮАН-ын бүгд хурал ч өнгөрсөн хугацаанд хуралдсангүй. Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох байр суурь нь ч бөөрөнхий хэвээр байгаа. Тиймээс МАХН-ынхан гэж дотроо эргэлдсэн хэдэн нөхдийн амыг харж суулгүй М.Энхсайхан өөрөө дараагийн нүүдлийг хийлээ. АН-тай байгуулсан гэрээгээ дүгнэх цаг болсон гэж мэдэгдсэн тэрбээр засагт хамтарч буй намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хамтрах боломжгүйг онцолсон. Мөн “Шударга ёс” эвсэл тарж байж л МАХН өөр намтай нэгдэх эсэхээ шийдэх ёстойг ч ярилцлагадаа цухуйлгажээ. Хамгийн гол нь Засгийн газар түүнд итгэл хүлээлгэвэл дахиад эрч хүчтэй зүтгэнэ гэдгээ М.Энхсайхан илэрхийлсэн байна лээ. Ямар ч гэсэн УИХ-ын хаврын чуулган, Ерөнхийлөгчийн сонгууль буюу энэ хаврын улс төрийн амьдралын оргил үеэс өмнө Засгийн газар хамтрагч намууддаа анхаарал тавьж “бөөцийлж” эхэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
ene hun bur sohorchijee ulsiin erh ashgiig bodohgui uuriin h**aas ruugaa l yum hiih geed baihiimaa