Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын Байнгын хорооны ажлын хэсгийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах ажлын хүрээнд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагатай уулзав.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу хуульд заасан хугацаанд нь ханган ажиллаж байгаа тухай танилцууллаа. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын болон сонгуулийн автоматжуулалтын бэлтгэл ажлын төлөвлөгөө баталж мөрдөн ажиллаж байгаа бөгөөд Сонгуулийн Ерөнхий Хороо батлахаар хуульд заагдсан нийт 42 журам, заавар, баримт бичгийн маягт, загварын төслийг шинээр буюу шинэчлэн боловсруулж 1 дүгээр улиралд багтаан хэлэлцүүлж батлуулахад бэлэн болгоод байгаа ажээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоосон шийдвэр гаргаж түүнд нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3 тэрбум төгрөг, нэг намаас сонгуульд зарцуулах дээд хэмжээг 5,1 тэрбум төгрөг байхаар тус тус тогтоожээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахад зориулж төсөвт 17 тэрбум 209 сая төгрөг тусгагдаад байгаа. Энэ зардал хүрэлцээтэй. Гэхдээ өмнөхийн нэгэн адил хэмнэж ажиллах болно гэдгээ СЕХ-ны дарга онцлон тэмдэглэв.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг байгуулах ажил хуульд заасан хугацаанд явагдаж улмаар улсын хэмжээнд 1896 хэсэг байгуулагдаад байгаа тухай тэрээр ярив.
Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдах санал авах, тоолох техник төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагаа, тэдгээрийн программчлалын нууцлалын аюулгүй асуудал Улсын Их Хурлын ажлын хэсгийнхний анхаарлыг татаж байв. Өмнөх сонгуулиар санал авах, тоолох техник төхөөрөмж ашигласан нь дэвшил болсныг тэд тэмдэглэхийн сацуу тэдгээртэй холбоотой элдэв хардалт сэрдэлтийг арилгах, итгэл үнэмшлийг бий болгоход талаар анхаарч ажиллах шаардлагатай байна гэлээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн гадаадад улсад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байгаа, харааны бэрхшээлтэй сонгогчдод брайль үсэг бүхий хавтас санал өгөх бололцоогоор хангах, сонгуультай холбоотой хууль тогтоомжийг хэвлэх, гадаад хэл дээр орчуулах зэрэг ажил хийж байгаа талаар танилцууллаа.
Улсын Их Хурлын Ажлын хэсгийнхэн Улсын бүртгэлийн Ерөнхий газар дээр очиж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хэрэгжилттэй танилцах явцад тус газар сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн цахим хуудаст хуульд заасан хугацаанд нь байршуулж сонгогчид өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангасан тухай дурьдаад сонгууль зохион байгуулахад Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн Ерөнхий газар чухал үүрэгтэй байх тул хоорондоо ажлын уялдаа холбоогоо улам сайжруулах шаардлагатай байна гэдгийг онцлон тэмдэглэв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв
Сэтгэгдэл ( 0 )