Сонгуулийн хэсгийн хороодын тоо 205-аар зөрж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахтай холбогдуулан 42 төрлийн заавар журмыг боловсруулж байгаа юм байна. 2013 оны Улсын төсөвт сонгуулийн ерөнхий зардлыг 17 тэрбум 209 сая төгрөгөөр баталсан. Санхүүжилтийн тухайд төсөвлөсөн мөнгөнд асуудал үүсэхгүй. Харин ч хэмнэх талаар анхааралдаа авч ажиллаж байгаа бөгөөд 2012 оны сонгуулиар 3 тэрбум төгрөг хэмнэсэн туршлага байгаа аж. Гэхдээ дээрх төсвийн тал нь сонгуулиар ажилласан төрийн албан хаагчдын цалин, хоол, унааны зардалд, харин үлдсэн хэсэг нь саналын хуудас хэвлэх, хүргүүлэх, зар сурталчилгаа зэрэгт зарцуулагддаг гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

Өмнөх сонгуулиудаар ашигласан санал тоолох 2500 ширхэг автомат машин энэ удаагийн сонгуульд ч ашиглагдана. Сонгуулийн товыг зарлах болон сонгууль явуулах төсвийн задаргааны төслийг 4 дүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд батлуулахад бэлэн болжээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулиар ажиллах 1896 хэсгийн хороо байгаа гэсэн нь УБЕГ-ынхны мэдээлсэн 2101 хэсгийн хорооноос даруй 205 хэсгийн хороогоор зөрүүтэй байлаа. СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, “ Манайд 1896 хэсгийн хороо байна гэсэн мэдээлэл байгаа. УИХ-ын сонгуулиар 1905, Орон нутгийн сонгуулиар 2010 хэсгийн хороо ажилласан. Буурна уу гэхээс өсөх магадлал байхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороод УИХ-ын сонгуультай ойролцоо байна” гэж хариулт өглөө. Энэ зөрүүтэй байдлыг түргэн хугацаанд тогтоож, ажлын уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байгааг УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top