Төрийг залуурдаж байгаа эрхмүүдийн зүг нь зөв, үйлдэл нь үр дүнтэй бол тэднийг өмнөөсөө тэнд суулгасан олон нийтийн хувьд таатай байх учиртай. Харин өөрсдийнх нь сонголтоор эрх мэдэлд хүрсэн хэрнээ, угшилаа умартаж, холдож явах нь тэдэнд таалагдахгүй. Иргэд өөрсдийнхөө үзэл бодлыг илүү тодоор хүргэхийг хүснэ. Үр дүнд хүрэхийг зорино. Тэгвэл иргэд төр, засгийн газрын болон нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд өөрсдөө биеэр оролцдог байх шаардлагын тухай яриа бодит биеллээ олох цаг ойртсон байна. Учир нь иргэдийн дуу хоолойг цуурай мэт үнэгүйдүүлдэг байдлыг халахын төлөөнөө Монголд анх удаа Онлайн парламент, Онлайн засгийн газар байгуулагдаж байна. 33 тойргоос сонгогдсон 33 төлөөлөгчөөс бүрдэх Онлайн парламентад нэр дэвшигчдийн нэрс ч эхнээсээ тодорхой болж байна.
Төлөөллийн ардчилалтай Монгол Улсын иргэд хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын 76 гишүүнийг өөрсдөө сонгож, улмаар УИХ нь Засгийн газрыг байгуулж төр, засгийн бодлого шийдвэрийг зангидаж ирсэн. Харин иргэдийн хувьд өөрсдийн сонгосон эрх мэдэлтнүүдтэй уулзаж, тухайлсан асуудлуудтай холбогдуулан шууд санаа оноогоо солилцож, шийдвэрүүдэд нь нөлөөлөх боломж бага. Тиймээс ч хууль тогтоогчдын баталсан хууль, гаргасан шийдвэр бүрийн араас хөрсөн дээр буухгүй байна, бодит амьдрал дээр үр өгөөжөө өгөхгүй байна гэсэн шүүмж дагадаг.
Тэгвэл Онлайн парламент нь интернэт хэрэглэгч та бүхэнд цахим ертөнцөөр дамжуулан төр засагтаа дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалуулах боломжийг олгох юм. Нэгэнтээ Монгол Улсын интернэт хэрэглэгчдийн тоо 1 саяд хүрчихээд байгаа өнөө үед, дуу хоолойгоо олны хүчээр түрэн төрд хүргэх боломж их байна гэсэн үг.
Монгол Улс төлөөллийн ардчилалтай орон учраас парламент нь тойрог бүрийг төлөөлсөн гишүүнтэй байдаг. Онлайн парламент ч түүний адилаар 33 тойргоос бүрдэх бөгөөд 30 нь Монгол Улсын 21 аймаг есөн дүүргийн төлөөлөл. Үлдсэн гурав нь гадаадад байгаа монголчуудыг төлөөлөх юм.
Танд одоо ч нэрээ дэвшүүлэх боломж байгааг дуулгая. Та Онлайн парламентад нэрээ дэвшүүлэхийг хүсвэл 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байх, төрийн алба хашдаггүй байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой.
Хэрэв та Сонгинохайрхан дүүргээс Онлайн парламентад сонгогдвол дүүргийнхээ иргэдийн дуу хоолой нь болж, тэдний үзэл бодол, санал санаачлагыг төрийн түшээдэд хүргэнэ. Танай тойрогт хүүхдийн цэцэрлэгтэй болох уу, эсвэл гэр хорооллын дунд худагтай болох уу, тоглоомын талбай барих уу өөр шинэ бүтээн байгуулалт хийх үү зэрэгт иргэдийн саналыг авч, нэгтгэнэ. Онлайн парламент, Онлайн засгийн газрын түвшинд хэлэлцэнэ. Цаашлаад танай тойргоос УИХ-д сонгогдсон төрийн түшээд дамжуулан, асуудлыг иргэдэд ойр, зөв шийдвэрлэхэд туслах ёстой юм.
Онлайн парламентын төлөөлөгч нь эрх ашгийн зөрчилгүй, цалин пүнлүү авдаггүй, зөвлөх туслах зэрэг зөндөө олон ажилтангүй, зөвхөн өөрийн сэтгэлийн дуудлагаар иргэдэд үйлчилнэ гэдгийг тодотгоё. Онлайн парламентаар дамжуулан эх орныхоо хөгжилд таны оруулах хувь нэмэр, хувь хүний оролцоо улам бүр нээлттэй болж таны дуу хоолой цуурай биш бодит ажил болох цаг одоо л ирж байна. Хэрэв иргэн та өөрийн сонгосон онлайн парламентын төлөөлөгчийг тойргийнхоо сонгогчдыг бүрэн төлөөлж чадахгүй байна гэж үзвэл эргүүлэн татах асуудлыг оруулах бүрэн эрхтэй юм.
Харин Онлайн засгийн газрыг Онлайн Парламент байгуулагдсаны дараа буюу ирэх дөрөвдүгээр сард байгуулах юм. Онлайн засгийн газар нь сүүдрийн Засгийн газар биш. Гэхдээ төстэй талууд байна. Сүүдрийн засгийн газрыг улс төрийн сөрөг хүчин байгуулж, шинэчлэлийн засгийн газрын хийж байгаа үйл ажиллагааны зөвхөн буруу, сул болоод дутуу дулимаг хийсэн зүйлийг л харж, шүүмжилдэг. Онлайн засгийн газар шинэчлэлийн засгийн газрын зөв зүйтэй алхам, ард түмэнд үр ашгаа өгөх шийдвэрүүдийг дэмжинэ. Мэдээж болж бүтэхгүй, хэрэгжихгүй үйл ажиллагаа байвал эсэргүүцнэ, шүүмжилнэ.
Дахин тодотгоход, эрхэм танд Онлайн засгийн газарт багтаж, Шинэчлэлийн Засгийн газрын сайдын хэмжээнд санал бодлоо илэрхийлж, улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах боломжийг нээж өгч байна. Тавигдах шаардлагын тухайд 18 нас хүрсэн, төрийн алба хашдаггүй, Монгол Улсын иргэн байх ёстой.
Засгийн газрын бүтцийн хувьд 19 сайдтай. Ерөнхий сайд болон асуудал эрхэлсэн 18 сайдтай. Тухайлбал, Оюутолгойн асуудал эрхэлсэн сайд, Эх нялхсын асуудал эрхэлсэн сайд гэх зэргээр нийгэмд хамгийн анхаарал татсан томоохон асуудлуудыг эрхлэх юм.
Дэлхий нийтээр интернэт хэмээх даяарчлалын томоохон элемент дор нэгдэж байгаа энэ цаг үед онлайнаар засаглах боломж бидэнд нээлттэй байгааг өгүүлэхэд таатай байна. Zindaa.mn сайт, “Online PR Agency” хамтран зохион байгуулж буй “Онлайн парламент”, “Онлайн засгийн газар” төсөл нь энэ боломжийг иргэддээ олгож байна.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 0 )