УИХ-ын дарга З.Энхболд казах түмэнд нарны баярын мэндчилгээ дэвшүүлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Баян-Өлгий аймаг болон эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрөн ажиллаж суугаа казах айл өрх, ард иргэд Та бүхэнд өдөр шөнө тэнцсэн жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тохиодог Наурыз-нарны баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Манай ажилсаг хичээнгүй казах иргэд үеийн үед улс эх орныхоо мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, үйлдвэр, барилга, соёл урлаг зэрэг бүхий л салбарт нийт ард түмэнтэйгээ мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, үнэтэй хувь оруулж ирсэн сайхан үйлс бүтээлтэй билээ. Ардчилал зах зээлийн тогтолцооны энэ үед ч тэр уламжлалт хөдөлмөр бүтээлийн ажил үйлсээ улам эрчимтэй үргэлжлүүлж, нийтийн нэгэн адил казах иргэд маань идэвх зүтгэл гарган хөдөлмөрлөж ахуй амьдрал нь дэвжин дээшилж байгааг казах түмнийхээ хаврын баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

   Монгол Улсын иргэдийн эрх ашигт нийцсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар УИХ онцгой анхаарч байгаагаас гадна алслагдсан хязгаар нутаг Баян-Өлгий аймагт хийгдэх бүтээн байгуулалт, хүн амын ахуй амьдралыг сайжруулахад чиглэгдсэн төрийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх талаар шинэчлэлийн Засгийн газарт чиглэл өгч тус дэм үзүүлж байна. Тухайлбал, Асгатын мөнгөний ордыг ашиглах ажлыг түргэвчлэх үүднээс зам тавих ажлыг эхлүүлж, Худалдааны төв болон аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн орчин үеийн оношлогооны төв байгуулах, орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хөдөө орон нутагт ажлын байр бий болгоход анхаарал хандуулж байна.

    Монгол Улсын нийт казах иргэд ээ, Та бүхэнд “Улс хотлын их баярын өдөр” – Наурызаар сайхан баярлаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

      Ұлыс оң болсын,

      Ақ мол болсын!

 

                         УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА      ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top