Баасан гариг бүрийн өглөө 08-10 цагт болдог уламжлалт “Өглөөний шинэ санаа” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцлоо. www.zasag.mn сайтаар дамжуулан мэйл, мессэнжер, фэйсбүүк, твиттэрээр уулзалтад 6400 гаруй цахим хэрэглэгч холбогдсон нь өмнөх уулзалтуудын тандалтаас 1000 гаруйгаар нэмэгджээ.
Н.Батбаяр сайд 50 гаруй асуултад хариулт өгч энэ хавар эхлэх томоохон бүтээн байгуулалт болон Чингис бондоор санхүүжүүлэх төслүүдийн талаар ярилаа. Иргэд энэ хавар эхлэх “Гудамж” төсөл, энэ төслийн хүрээнд хаана хаана ямар уулзвар, хурдны зам барих талаар ихээхэн сонирхож байсан бөгөөд энэ төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг www.zasag.mn сайтад ойрын үед тавьж, мэдээлэл өгье гэдгээ сайд хэллээ. Энэ онд зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Тавантолгойд цахилгаан станц барих ажлыг мөн бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ, олон жил яригдсан V цахилгаан станцын ажил энэ жил эхэлнэ. Сүүлийн 20 жилд манай улсад нэг ч цахилгаан станц шинээр баригдаагүй бөгөөд энэ жил Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо зэрэг газруудад 5 станцын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улс гурван шинэ БОИНГ онгоц авахаар гэрээ хийсний эхний онгоц ирэх тавдугаар сард ирнэ. Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн ажил ид хийгдэж байна. Ирэх жилээс бүтээн байгуулалтын ажлууд нь хийгдээд эхлэх төлөвлөгөөтэй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Замын-Үүдэд ажиллаж Замын-Үүдийн нэвтрэх чадварыг 2 дахин нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгсөн. Мөн Замын-Үүд-Алтанбулагийг холбосон 1000 км хурдны зам барих ажлыг 2015 онд хийж дуусгасан байх үүргийг Ерөнхий сайд өгсөн гэдгийг Н.Батбаяр сайд хэллээ.
Өнөөдөр 4 яамны 160 хүн 21 аймгийн 330 суманд ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн тухайн орон нутагт байдал ямар байгаа болон цаашид юу хэрэгтэй байгаа талаар судалгаа авч байгаа. Энэ нь иргэдийн оролцоотой төлөвлөлт хийж, хөгжлийг хөдөөнөөс эхлүүлэх зорилготой гэлээ. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газрын аймгийн төв бүрийг хот болгох зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм. Орон нутгийн иргэдийн хүн амын тоогоор ирэх сараас хөрөнгө оруулалт хийгдэж эхлэх бөгөөд энэ хөрөнгийг нутаг орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад зарцуулах учиртай гэдгийг Н.Батбаяр сайд хэлж байлаа.
Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудал, нефть боловсруулах үйлдвэр, цахилгаан станц болон дагуул хот байгуулах, нийслэлийн замын түгжрэлийг багасгах гэхчлэн улс орны бүхий л ажилд Эдийн засгийн хөгжлийн яамны оролцоо их. Тиймээс ч уулзалт ярилцлагын сэдэв, цар хүрээ өргөн байлаа.
Монгол эх орондоо төрснөөрөө бахархаж, монгол орноо хөгжүүлэхийн төлөө хамтарч ажиллах, юу сурч мэдсэнээ чулуу болгох цаг ирсэн гэдгийг Н.Батбаяр сайд хэлээд гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг эх орондоо ирэхийг уриалав.
Сэтгэгдэл ( 1 )
Sh** hudlaa baagii Ene nohoriig ***jliin yamnii said geheer aidas ch hureh shig