Тони Блэйр Н.Алтанхуяг сайдад туршлагаасаа хуваалцахад бэлэн

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

 Их Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа.

Ерөнхий сайдын албыг 10 жил хашсан хүний хувиар туршлагаасаа хуваалцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа ноён Тони Блэйр илэрхийлээд, шинэчлэлийн ажлаа зоригтой эхлүүлсэнд нь Н.Алтанхуяг сайдад баяр хүргэж, амжилт хүссэн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн Монгол Улс ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буйг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг онцоллоо. “Ялангуяа уул уурхайн түүхээ эдээ боловсруулах үйлдвэрүүд босгох, замын болон инженерийн дэд бүтцээ богино хугацаанд барих зэрэгт бид хүч анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ өргөн уудам нутагт тархан суугаа ард түмэндээ хөгжлийн ижил тэгш боломж бүрдүүлэх, амьжиргааны түвшнийг нь дээшлүүлэх гээд олон ажлын өмнө бид зогсож байна” гэлээ.

Ноён Тони Блэйр “Засгийн газар маш олон асуудлыг шийдэх, түүнээс ч олон асуултад хариу өгөх шаардлагатай байдаг ч бүрэн эрхийн хугацаа хязгаартай.  Иймд би Ерөнхий сайдаар ажиллахдаа асуудлаа ач холбогдлоор нь эрэмбэлэх зарчим баримталсан. Энэ арга туршлагаасаа хуваалцахдаа баяртай байх болно” гээд Монгол Улсын Ерөнхий сайдтай танилцсандаа таатай байгаагаа илэрхийллээ.

Өглөө эрт манай оронд буусан Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсад хийх ажлын айлчлалаа өнөөдөртөө багтаан дуусгаад буцах юм.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
monhuu(202.179.20.197) 2013 оны 03 сарын 22

Erdenes MJL-iin mongol hunii 1sh hubitsaa baina uu?

0  |  0
Top