Л.Болд, Мариа Лайснар хоёр цагаа олж уулзав

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 26

Гадаад харилцааны сайд Л.Болд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Мариа Лайснар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, ирэх 4 дүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо болох  АОХН-ийн Сайд нарын бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцжээ.

Сайд Л.Болд Улаанбаатарын Сайд нарын бага хуралд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч бэлтгэж байгааг мэдээлж, хурал болоход нэг сар гаруйхан хугацаа  үлдэж байгаа энэ үед Ерөнхий нарийн бичгийн дарга  ийнхүү ирж ажиллаж байгаа нь цагаа олсон явдал боллоо гэдгийг онцлон тэмдэглэв.

Хатагтай М.Лайснар Улаанбаатарын бага хурлын асуудлаар монголын талын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, мэдээлэл сонссоноо ярьж, Бага хурлын хөтөлбөрт туссан арга хэмжээнүүдэд сэтгэл ханамжтайгаа байгаагаа илэрхийлж, хамтран ажиллахад таатай байна гэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга АОХН-ийн бага хурлын Ерөнхий зохицуулагч Д.Ганболд, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал, Элчин сайд Х.Бэхбат, Элчин сайд Ж.Энхсайхан нарын албаны хүмүүстэй уулзав. Төлөөлөгчид өнөөдөр АОХН-ийн  Сайд нарын бага хурлын үеэр зохиогдох чуулга уулзалтуудын төлөөлөгчидтэй уулзах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top