УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар Ерөнхий сайд Н.Алтанхуягт хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан стратегийн ач холбогдол бүхий салбар дахь хөрөнгө оруулалтын талаар асуулга тавилаа. Тэд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль үйлчилж эхлээд 10 гаруй сарын хугацаа өнгөрч байгаа боловч Засгийн газраас хуулийн хэрэгжилтийг хангах, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, үнэн зөв мэдээллээр хангах, нэгдсэн ойлголт өгөх ажил хангалтгүй байна хэмээн үзэж, Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан байна. Урин дулаан цаг ирж стратегийн салбаруудын үйл ажиллагаа эрчимжиж эхэлж байгаа энэ үед асуулгад дурдсан асуудлуудыг тодорхой болгох, хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлага байгаа юм.
Уг асуулгад “Монгол Улсын Их Хурал 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн хөрөнгө оруулалтыг зохицуулах, тэдгээрт зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн. Тухайлбал, үндэсний язгуур эрх ашигт шууд нөлөөлөхүйц томоохон хэмжээний ашигт малтмалын орд газрууд, үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой салбарын хөрөнгө оруулагчдын зүгээс бусад орны Засгийн газрын болон түүний төлөөллийн компани, хуулийн этгээдэд хувьцаагаа зарах тохиолдолд Засгийн газрын холбогдох байгууллагаас зөвшөөрөл авдаг байхаар хуульчилж, журмыг Засгийн газар боловсруулахаар баталсан. Гэвч тус хууль үйлчилж эхлээд 10 сар гаруй хугацаа өнгөрч байгаа боловч Засгийн газраас хуулийн хэрэгжилтийг хангах,ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, үнэн зөв мэдээллээр хангах, нэгдсэн ойлголт өгөх ажил хангалтгүй байна хэмээн Улсын Их Хурлын гишүүд бид үзэж байна.
Энэ хуулиар Монгол Улсын үндэсний эдийн засаг, нийгмийн аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах зорилгоор эрдэс баялаг, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн үндэсний орлогыг бүрдүүлж буй стратегийн ач холбогдол бүхий цөөн хэдэн салбарт оруулж, төрийн зохицуулалт зайлшгүй байхаар хуульчилсан байтал гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтыг бүхэлд нь хязгаарласан, хориглосон мэтээр ташаа ойлголтыг дотоод, гадаад орчинд бий болгож, хуулийн хэрэгжилтийг удаашруулж байгаа нь Засгийн газар үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэхэд хүргэж байна.
Иймээс Монгол Улсын Их Хурлын гишүүд бид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу дараах асуулгыг Танд хандан тавьж байна. Үүнд:
1. Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар ямар ажил зохион байгуулсан, ямар үр дүнд хүрсэн талаар,
2. Хуулийн үйлчлэх хүрээнд хамрагдаж байгаа хэдэн аж ахуйн нэгж байгаа, тэдгээрт уг хуулийн хэрэгжилтийг хангах талаар ямар чиглэл өгсөн, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар,
3. Хуулийн 4, 6 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авсан, эсхүл зөвшөөрөл авахаар хандсан аж ахуйн нэгжийн талаар,
4. Хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл авахаар ирүүлсэн хүсэлтийн тоо, үйл ажиллагааны салбар, олгосон зөвшөөрлийн талаар,
5. Хуулийн 4.8-д заасан бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авах журам, мөн хуулийн 7.2-т заасан зөвшөөрөл авах хүсэлтийг хүлээн авах, хэлэлцэн шийдвэрлэхтэй холбогдсон нарийвчилсан журмыг хэзээ, хэрхэн баталсан талаар,
6. Хуулийн хэрэгжилтийг хангах явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, эерэг болон сөрөг үр дагаврууд, цаашид анхаарах, хуулийн зохицуулалтыг илүү оновчтой болгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар,
7. Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналтыг боловсронгуй болгоход чиглэсэн бусад ямар арга хэмжээ төлөвлөгдсөн талаарх мэдээллийг ирүүлнэ үү.
Энэхүү асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Holy Todloe, so glad I clicked on this site first!